ГОВЬ-АЛТАЙ: Ц.Лоохууз хамгийн анхны Орон нутгийг судлах музейг санаачлан байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-01-25 13:57:15

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн соёлын өвийг олон нийтэд танилцуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор тус аймгийн Орон нутаг судлах музейтэй хамтран онцлог сонирхолтой үзмэр, эд өлгийн зүйл мөн Алтай нутгаас төрөн гарсан алдар суутнуудыг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаа Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Цогт-Очирын Лоохуузын алдар гавьяаг олон нийт танилцуулж байна.Түүний гавьяат үйлсийг орон нутгийн төр захиргааны байгууллагаас алдаршуулахаар Говь-Алтай аймгийн орон нутаг судлах музейг тус аймгийн ИТХ-ын 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 70 дугаар тогтоолоор Цогт-Очирын Лоохуузын нэрэмжит болгосон билээ.


Хөх Дан овогт Цогт-очирын Лоохууз нь 1923 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд ард Цогт-Очирын 4 дүгээр хүү болон мэндэлжээ. Тэрбээр эцэг эхээс тавуулаа бөгөөд дээрээ хоёр эгч, нэг ахтай, дороо нэг охин дүүтэй байжээ. Аав Цогт-Очир нь тайж удамтай, малч, уран дархан хүн байсан агаад арьс шир элддэг, ажилч хичээнгүй, ноён нуруутай, шулуун шударга зантай нэгэн байсан бөгөөд амьдралынхаа сүүлийн жилүүдэд буюу 1932 онд Дотоод яамнаас баривчлагдан цаазлуулах ял заагдаж, одоогийн Завхан аймгийн Улиастайн шоронд хоригдож байгаад тохиолдлоор амьд гарсан гэдэг.

Ц.Лоохуузын ах дүү нар бүгд нэр төртэй хүмүүс байсан бөгөөд тухайлбал, нэг ойрын хамаатан нь Сангийн яамны орлогч сайд хийж байсан Тангад гэж хүн байснаас гадна БНМАУ-ын Хөнгөн хүнсний аж үйлдвэрийн яамны нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байсан Балган гэж хүн байжээ. 

1935 онд баруун хязгаарт таван сумын дунд бага сургууль байгуулагдахад элсэн орж, 1939 онд нутагтаа бага сургуулиа дүүргэн, Улаанбаатар хотод Санхүүгийн техникумд гурван жил, шинэ байгуулсан Намын дээд сургуульд хоёр жил онц дүнтэй суралцан төгсжээ. Улмаар дөнгөж байгуулагдаад байсан Намын Төв Хороооны Лекторын Товчоонд шилэгдэн орж ажилласан байна. Нам төрийн шилдэг ирээдүйтэй залуу гишүүн 1950 онд ЗХУ-ын Коммунист намын дээд сургуульд суралцан төгсчээ. Ц.Лоохууз нь 1944-1950 онд МАХН-ын Төв хороонд лектор, 1952-1955 онд мөн байгууллагад Тасгийн эрхлэгч, 1955-1956 онд Говь-Алтай аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1956-1962 онд Хөдөө аж  ахуйн яамны нэгдүгээр орлогч сайд, 1962 оноос СнЗ-ийн харьяа Сангийн аж ахуйнуудыг удирдах ерөнхий газрын даргаар тус тус ажиллаж байлаа.

Ц.Лоохууз нь ажиллаж байх хугацаандаа туслах аж ахуйг хөгжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах зэрэг олон бодит ажлуудыг анхлан санаачилж, Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж нэвтрүүлсэн нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, ард иргэдийн аж амьдралд үнэлж баршгүй хувь нэмэр болж, эрс шинэчлэлтийг авчирсан байна. Тэрээр МАХН-ын Төв хороонд ажиллах хугацаандаа улс орныг хөгжүүлэх олон чухал шийдвэрийн төслийг боловсруулан тухайн үеийн ЗХУ болон бусад орны туршлагыг судалж, судалгаа хийж, онолын бүтээлч саналыг боловсруулан дэвшүүлж амжилттай хэрэгжүүлж байжээ. Ц.Лоохуузын улс орны эдийн засгийг хөгжүүлэх талаар дэвшүүлж гаргасан ажил хэрэгч, бүтээлч санал санаачилгын зарим нь улс орны хөгжлийн талаарх үзэл баримтлал болон хэрэгжиж, түүхэн ач холбогдол нь өнөөдөр ч гэсэн хадгалагдсаар байна.

Тэрбээр БНМАУ-ын түүхийг анх удаа орос хэлээр хэвлэхэд нь орчуулан хөрвүүлж, нам төрийн бодлого, улс эх орны хөгжил, хэтийн төлвийн талаар өөрийн санал бодлыг хэвлэлд нийтлүүлж байх үеэс нам төрийн эсрэг үзэлтэй хэмээгдэн сэжигтэн болж эхэлсэн байна. Тиймээс түүнийг намын төв удирдлагаас хол алс хөдөө нутагт томилсон байна.  

Түүний ажил амьдралын намтар түүхэнд төрсөн нутаг Говь-Алтай аймагтай холбогдсон он жилүүд чухал байр суурийг эзэлдэг билээ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа урсгал усгүй Алтай нутгийг усжуулах зорилгоор Гуулингийн сувгийг санаачлан байгуулсан ба хожим СнЗ-ийн харьяа Сангийн аж ахуйнуудыг удирдах ерөнхий газрын дарга, ХААЯ-ны нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байхдаа гүйцээсэн байдаг.

1955-1956 онд тус нутгийг гайхалтай богино хугацаанд хөгжүүлж, аймгийн төвийн нийт өрхийг зуухжуулж, хятадуудын хуучин ашиглаж байсан нүүрсний уурхайг түшиглэн нүүрсээр ханган, аймгийн төвд 2 том уурын зуухыг бариулан захиргааны нэгжүүдийг нэгдсэн халаалтын системд холбосноос гадна ард иргэдээр хүнсний ногоо тариулан хүнсэнд хэрэглэх аргад зааварчлан сургаж, аймгийн эргэн тойронд байгалийн бороо, цас, булаг шандаар тэжээгддэг 3 хиймэл нуур байгуулсан нь аймгийн төвийн уур амьсгалыг чийгшүүлэн, таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ажил болсон байдаг.

Мөн орон нутгийн хэмжээнд олон зам харгуйг засаж янзлан тохижуулсны дээр шинээр Дөтийн давааны зам, Хүнхэр зуслан амралтын замыг барьж байгуулсан нь нутгийн иргэд, олон түмний талархал хүлээсэн онцгой чухал ажил болсон байна. 

Ажил үйлс, малын тоо толгойгоор улсдаа сүүл мушгиж, тааруухан үзүүлэлттэй байсан аймгийг зөв удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажилласны үр дүнд нэг жил хагас гаруйн  хугацаанд бүхий л үзүүлэлтээр улсын тэргүүний аймгийн түвшинд хүртэл өөд татаж, улсад түрүүлүүлэн тэргүүний аймаг болгосон.

Улмаар тэрбээр улсад тэргүүлсэн шагналын мөнгөөр Монгол Улсад хамгийн анхны “Орон нутгийг судлах музей”-г санаачлан үүсгэн байгуулж, орон байраар хангах, музейн үзмэр, урын санг бүрдүүлэн баяжуулах талаар онцгойлон анхаарч, өөрөөс хамаарах бүхнийг уйгагүй хийж байсан байдаг. Музейн үзмэрийн санг баяжуулахын тулд орон нутагт ажиллах үедээ малчид иргэдтэй уулзан, ховор нандин эд өлгийн зүйл, аймгийн иргэдийн хосгүй ховор гар урлалын бүтээлүүд, түүхийн дурсгалтай, дахин давтагдашгүй бүтээлүүдийг олж энэхүү музейн үзмэрүүдийг баяжуулсан билээ. 

Хожим тэрбээр ид хийж бүтээх эрч хүчтэй насандаа ЗХУ-ын Тимирязевийн академийн аспирантурт суралцаж байхдаа 1964 онд хуралдсан МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурал дээр тухайн үеийн төр засгийн удирдлагын алдаатай бодлогыг хурцаар шүүмжлэн, өөрчлөн шинэчлэлт хийх хэрэгтэй гэсэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснээс болж “Намын эсрэг бүлгийн толгойлогч”, “Намын эсрэг бүлэглэсэн явуулга хийсэн” гэх хилс хэрэгт шийтгэгдэж, 25 жилийн турш нутаг заагдан цөлөгдөх, шорон гянданд хоригдох зэргээр хэлмэгдэж, ар гэрийнхэнтэйгээ ч уулзах эрхгүй явсаар 1990 онд Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд цагаатгагдсан бөгөөд АИХ-ын депутат, АИХ-ын орлогч даргаар сонгогдон ажиллаж, анхны Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцан, Монгол Улсын анхны Ерөнхийлөгчид нэр дэвшин, Хүний эрхийн Үндэсний комиссын анхны даргаар ажиллаж байлаа. 

Ц.Лоохууз нь Говь-Алтай аймгийн Наран сумын харьяат Жамбын Бүрэнжаргалтай гэр бүл болж, 4 хүүхэд төрүүлэн өсгөж,  хүнд бэрх амьдралын нугачааг сэтгэлийн хат, уйгагүй хөдөлмөр зүтгэлээрээ даван туулж, эх орондоо үнэнч шударга, ажилч хөдөлмөрч иргэд болгон хүмүүжүүлсэн халамжит сайн хань, үлгэр жишээ өрхийн тэргүүн байлаа. Түүний эх орон, ард түмнийхээ төлөө хөдөлмөрлөсөн 40 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон, Сүхбаатрын одон, Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол болон бусад одон медалиудаар шагнасны дээр Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөл хамгийн шилдэг хүнээр тодруулж, “Алтайн бахархал” өргөмжлөлөөр шагнагджээ. 

Ц.Лоохууз нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын сургуулийн анхны сурагч, лектор, орчуулагч, соён гэгээрүүлэгч, төрийн сайд, эрдэмтэн судлаачаас малчин, мужаан, оёдолчин, дархан, ногоочин, жолооч, худалдаачин, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, бизнесмэн, улс төрч, Монгол Улсын гавъяат эдийн засагч, шинэ Үндсэн хууль батлалцаж мутраараа тамгалсан орлогч дарга, амьд домог, алдар хүндийн эзэн, халуун эх оронч, Засагт ханы жинхэнэ хөх хар хүн байлаа. Цогт-Очирын Лоохууз нь 2018 оны 5 дугаар сарын 14-нд 94 насандаа таалал төгсжээ.



Холбоотой мэдээ