БАЯНХОНГОР: Уулын чулуу бэл рүүгээ ихээр өнхрөхөд олон сарлаг тоос хадаан бууж байх шиг харагдаж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-01-20 16:00:03

Баянхонгор /МОНЦАМЭ/. Хуурай газар ховор тохиолддог хүчтэй газар хөдлөлт 1957.12.04-нд Баянхонгор аймгийн Богд суманд болж, 80 км үргэлжилсэн уул нуруу өргөгдөж, хойш хөдөлсөн байдаг.  Алтайн нурууны Их Богдод болсон тус газар хөдлөлтийн үеэр газар дор 30 км байсан голомтод 11-12 балл хүрсэн байна.


Газар хөдлөлтөөр тухайн орчим 8.5 метр өргөгдсөн нь шинжлэх ухаанд баттай бүртгэгдсэн дээд хэмжээ. 10 метр өндөр чулуун давлагаа мэт бүтэц Торомхон гэдэг газар үүссэн бол Бахар уулын орой хэсэг нурж унахдаа хоёр голын хөндийг хааснаар Оюу, Номин нуур үүсжээ.


300 км урттайгаар газар хагарахад олон мал унаж үхэн, хагархайн хоёр тал дээш, доош их зөрж, өргөгдсөн хэсэг өргөгдөөгүй дээрээ давж нөмрөн тогтох, газар хойш шилжсэн, атирсан, овойсон гээд содон үзэгдлүүд гарсан байна.


Эхлээд 5 балл газар хөдлөхөд хүмүүс барилга байшингаас гарсан байдаг бөгөөд дахин газар хөдлөхөд барилга байшингууд нуржээ. Тариа шигших мэт өнхөрцгөөж, хүн малгүй хөл дээрээ тогтож чадахгүй байлаа гэж нутгийнхан дурссан байдаг. Уулын чулуу бэл рүүгээ ихээр өнхөрсөн бөгөөд холоос харахад олон сарлаг тоос хадаан бууж байх шиг харагдсан гэдэг. Эхлээд бүгт дуу гарснаа, дараа нь хүчтэй дэлбэрэлт адил чимээ гарсан бөгөөд Тэнгэрт тулсан шороо тоос босож, 230 км үргэлжилсэн уул нурууг бүрхэж, 100 метрээс цааш юм үзэгдэхээ байж, хоёр хоногийн дараагаас агаар цэвэршсэн байна.


Газар хөдлөлтийн үеэр 13 хүн амиа алдаж, 1000 гаруй мал хад чулуунд цохигдон үрэгджээ.


Газраас ус оргилж, 30 гаруй км урт гол урссан ч, дөрвөн жилийн дараа татарсан байна.

Холбоотой мэдээ