Украины Ерөнхийлөгч, Европын Зөвлөлийн тэргүүн нар уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-01-20 11:57:31

КИЕВ. /Xinhua/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус улсад айлчилж буй Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишельтэй Украин, Европын Холбооны /ЕХ/ хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн талаар В.Зеленскийн хэвлэлийн албанаас мэдээлэв.


Хэлэлцээний дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр В.Зеленский, Украин, ЕХ-ны өнөөгийн хамтын ажиллагааны цар хүрээ хоёр талын хувьд түүхэн түвшинд хүрээд байгааг цохон тэмдэглэсэн байна.


ЕХ Украинд цэрэг, улс төр, хүмүүнлэгийн тусламж үзүүлж, энэ онд 18 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээ амласанд тэрбээр талархал илэрхийлжээ. Мөн фронтын шугам дахь нөхцөл байдлын талаар Ш.Мишельд танилцуулж, Киевт үзүүлэх батлан хамгаалахын тусламжаа нэмэгдүүлж, Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахыг уриалсан байна.


Украин, ЕХ-ны удирдагчид мөн Украины Энх тайвны төлөвлөгөөний талаар хийгээд түүнийг хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцэх дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар хэлэлцжээ. Талууд мөн Украины ЕХ-нд элсэх үйл явцын талаар санал солилцсон байна.


“Энэ онд бид яриа хэлэлцээгээ эхлүүлэх хэрэгтэй. Бидэнд маш их урам зориг, хүсэл эрмэлзэл бий, түүндээ хүрэхийн төлөө хүчин чармайлт гаргаж байна” гэж В.Зеленский хэлсэн үгэндээ онцолжээ. Ш.Мишелийн хувьд ЕХ-ноос Украинд үзүүлэх хүмүүнлэг, улс төр, цэргийн тусламжийн ач холбогдлыг цохон тэмдэглэлээ. Тэрбээр пүрэв гаргийн өглөө Киевт хүрэлцэн иржээ. 

Холбоотой мэдээ