Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс АН завсарлага авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
btlnmn@yahoo.com
2023-01-20 12:08:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан ч АН-ын бүлэг завсарлага авлаа.


Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Энэ хуулийг анх 2017 онд боловсруулсан. Холбогдох байгууллага болон олон улсын байгууллагуудын саналыг хангалттай авсан. ХЭҮК-ынхон ажлын хэсэгт орж, тодорхой саналууд хэлсэн. Цахимаар залилах гэмт хэрэг нэг жилийн дотор 93.8 хувиар, цахимаар хүүхдэд садар самууныг сурталчлах гэмт хэрэг 2.8 дахин өссөн байна. Эдгээр тоо өдөр тутам өссөөр байгаа тул ийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Өчигдрийн хувьд "Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно" гэсэн 6.3 дахь заалтыг нийгэм буруу ойлгож шүүмжилсэн тул хассан. Мөн нэр бүхий сэтгүүлчдийн санал болгосноор "олон нийтэд нөлөө бүхий этгээдүүд" гэдэг энэ заалтыг хуулийн төслөөс хассан" гэсэн тайлбарыг хийсэн юм. 


УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлэгт өнөөдрийн 14 цаг хүртэл завсарлага өгснөөр уг хуулийн төслийн хэлэлцүүлэг үдээс хойших хуралдаан руу шилжив.

Холбоотой мэдээ