ГОВЬ-АЛТАЙ: "Хязгаараа тэл" хөгжлийн форумыг бүх суманд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-01-16 12:53:33

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Оюутан, залуучуудын "Ирээдүй Алтай" холбоо, Говь-Алтай аймгийн Залуучуудын холбоо хамтран "Хязгаараа тэл" хөгжлийн форумыг Говь-Алтай аймгийн бүх суманд зохион байгуулна.

Залуучуудын оролцоотой, тэдний эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагууд ашгийн төлөө бус нийтэд тустай үйл ажиллагаа явуулахыг “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хуулиар зөвшөөрч, залуучуудын оролцоог дэмжихийг уриалсан байдаг. Үүний дагуу залуучуудын хөгжил, оролцоог хангах зорилго бүхий “Хязгаараа тэл” хөгжлийн форум 2023 оны нэгдүгээр сарын 14-31-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн бүх суманд болно. Форум энэ сарын 14-нд Тонхил сумаас эхэлсэн бол нэгдүгээр сарын 31-нд Шарга суманд дуусах аж. 


Форумын хүрээнд орон нутагт ажиллаж, амьдарч буй залуус, иргэдийг хувь хүний хөгжил, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, зах зээлийн мэдлэг, шинэ сонирхолтой мэдээ, мэдээллээр хангах, хэлэлцүүлэг өрнүүлэх, тэдний санал бодлыг сонсож, бодлого, үйл ажиллагаандаа тусгах зорилтыг зохион байгуулагчид тавьжээ. Үүний сацуу Соёлын тэргүүний ажилтан, дуучин Г.Батсүх, Я.Гэрэлчулуун, Л.Уранболор нар форумд оролцогчдод уран бүтээлээрээ бэлэг барьж, ая дуугаа өргөх юм. 


Форумыг санаачлагч “Ирээдүй-Алтай” холбоог 2003 онд байгуулсан бөгөөд энэ жил 20 жилийн ой нь тохиох юм. Тус холбоо өнгөрөгч хугацаанд нутгийнхаа оюутан, залуучуудын хөгжилд чиглэсэн “Одод шүргэх Алтай” урлагийн наадам, Ажлын байрны өдөрлөг, “Good students” оюутны тэтгэлэгт хөтөлбөр, “Цагийн зөрүү” цуврал форум, “Өв дархлаа залуус” соёлын үйл ажиллагаа, Хантайшир бөхийн дэвжээтэй хамтран “Сэтгэлийн хүчээ ирээдүйд” төсөл зэрэг олон ажлыг зохион байгуулсан юм.

Холбоотой мэдээ