БАЯНХОНГОР: Баянбулаг омгийн хонь амьдын жингээр 70 гаруй кг татдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-01-19 09:38:27

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянбулаг омгийн хонины намрын амьдын жин дунджаар охин төлөг 45.5 кг, эм хонь 55 кг, төлгөн хуц 50 кг, бүдүүн хуц 70.4 кг байдаг. 


Социализмын үед Увсын баяд үүлдрийн 500 гаруй хонийг Баянхонгорт авчирч, торгон сүрэг бий болгож, өөр олон омгийн хонийг авчирч нутагшуулснаас цаг хугацааны уртад Баянбулагийн хонин сүрэгт өөрийн гэсэн омог бий болгохуйц сайн чанарын хонь бий болсон байна. Нутгийн цаг уур, хөрс, ургамлын онцлогт ер бусын дасан зохицсон, бэлчээрээр таргалж, амьдын жингээ ямар ч үед хадгалж чаддаг онцлогтой сүрэг бол Баянхонгор аймгийн Баянбулаг омгийн хонь.


2020 оны ХХААХҮЯ-ны сайдын зөвлөлийн хурлаар дээрх хонин сүргийг "Баянбулаг" омгоор баталсан байдаг.


Баянбулаг омгийн хонь нь чийрэг бие цогцостой, галбирын согоггүй, ясжилт сайтай, товируу биетэй, голдуу хар толгойт, халзан цагаан зүстэй, хөл мөч, эвэр туруу сайн хөгжсөн, махлаг шинж сайтай, том дугуй, зузаан, өөхөн сүүлтэй, ширүүвтэр ноостой хонь юм. Хангайн нуруу, Отгонтэнгэр уул орчмын байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицсон тэсвэр хатуужилтай, хивсний үйлдвэрийн гол түүхий эд болох бүдүүвтэр ноостой. Мөн махлаг чанар сайтай, сүүл томтой энэ төрлийн хонь үржүүлэх нь мал үржүүлэгийн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой.


Баянбулаг омог нь мах, бүдүүвтэр ноосны чиглэлтэй хосолмол ашиг шимтэй, бэлчээрээр таргалах чадвар, тэсвэр хатуужил сайт гэдгээрээ онцлог. Бусад омгийн хонины махнаас тослог бага, чийг өндөр, уургийн агууламж ойролцоо махны гарцтай. Сүүлний хэмжээ нас ахих тусам томордог. Дунджаар урт нь 52.34 см, өргөн нь 21.34 см, тойрог нь 72.42 см хүрдэг байна. Хонины нядлагын гарц дунджаар 51.6 хувь, гулуузны морфологи бүтцэд булчин мах 73.23 хувь, өөх 11.4 хувь, холбогч эд 2.3 хувь, яс 13.1 хувийг эзэлдэг. 


Сонирхуулахад, Баянхонгор аймгийн хэрэглэгчид Баянбулагаас ууцны мах худалдан авах  эрэлт хэрэгцээ жилээс жилд өсөж байна. Баянбулаг омгийн хонь монгол орны бэлчээрийн соргог ургамлаар хооллож, эко органик, сувиллын чанартай бүтээгдэхүүн өгдөг учраас монгол хүний хэрэгцээнд гойд тохирно.

Холбоотой мэдээ