Ирэх онд Сар луу судалгааны төхөөрөмжөө илгээх орнууд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2022-12-26 13:01:51

ЛОНДОН. /BBC/. 2023 онд Орос, Энэтхэг, Европын Сансар судлалын агентлаг Сар луу, цаашлаад сансрын гүн рүү судалгааны төхөөрөмжүүдээ илгээхээр төлөвлөөд байна.


Саяхан АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /NASA/ Саран дээр сансрын нисгэгчдийг дахин буулгах зорилгоор бүтээсэн сансрын хөлгөөр Сарыг тойрон автомат нислэг үйлдсэн юм.


Сар луу судалгааны төхөөрөмжөө илгээх орнууд


Энэтхэг Сарны гадаргууг судлах газардагч модуль, өөрөө явагч төхөөрөмж бүхий “Чандраян-3” аппаратаа 2023 оны зургаадугаар сард Сар луу хөөргөхөөр төлөвлөж байна. Тус улс нь 2008 оноос “Чандраян-1” аппаратынхаа тусламжтайгаар Сарыг судалж эхэлсэн юм.


ОХУ 2023 оны долоодугаар сард “Луна-25” аппаратаа Сар луу хөөргөж, өмнөд туйлаас нь дээж авчрах төхөөрөмжийг буулгахаар зорьж байна.


Европын Сансар судлалын агентлаг “Jupiter Icy Moon Explorer” судалгааны аппаратаа 2023 оны дөрөвдүгээр сард илгээхээр төлөвлөж байна. Энэхүү аппарат нь Бархасбадь гаргийн гурван дагуул болох Ганимед, Каллистро, Европагийн гадаргуу доор нь байдаг гэж үздэг мөсөн давхаргад амьдралын ул мөр хайна.


SpaceX” компани Японы тэрбумтан Маэзава Юсакү тэргүүтэй есөн зорчигчийг “dearMoon” төслийн хүрээнд 2023 оны сүүлээр Сар луу аялуулахаар товлоод байна. Энэ нь 100 хүнийг тээвэрлэх чадалтай “Starship” хөлгийн анхны аялал болох юм.


АНУ-ын “NASA” агентлаг “Artemis” хөтөлбөрийнхөө хоёр дахь үе шатыг 2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ үе шатанд манай гаргийн цорын ганц дагуул руу сансрын нисэгчид жолоодлогот хөлгөөр ниснэ. Улмаар “Artemis III”-ыг 2025 юм уу 2026 онд хэрэгжүүлж, Саран дээр анх удаагаа эмэгтэй хүн, мөн өнгөт арьстай хүнийг буулгахаар төлөвлөж байна.


Энэ нь “NASA” 1972 онд “Аполло” хөлгийг хөөргөснөөс хойш хүн төрөлхтөн Саран дээр хөл тавьсан анхны тохиолдол болно. “NASA” энэхүү хөтөлбөртөө “Space X” компанийн “Starship” хөлгийг ашиглахаа мэдэгдээд байгаа юм.


Хятад улс 2035 он гэхэд ОХУ-тай хамтран Саран дээр судалгааны бааз байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдээд байгаа ч төслийг хэрэгжүүлэх хугацааны талаар дэлгэрэнгүй танилцуулаагүй байна. 

Холбоотой мэдээ