АРХАНГАЙ: Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-12-23 09:34:43

Архангай /МОНЦАМЭ/. Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Орон нутаг, удирдлага зохицуулалтын газрын дарга, Ажлын багийн нарийн бичгийн дарга П.Зоригтбаатар, ЗГХЭГ-ын референт Д.Ганбат нар Архангай аймагт ажиллаж байна.


Энэ сарын 22-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбатаар ахлуулсан хот, хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх орон нутгийн дэд ажлын баг 2023-2024 оны төлөвлөгөөгөө танилцуулж, саналын хэлэлцүүлэг өрнүүллээ.

2023-2024 онд Архангай аймаг 9600 иргэн Улаанбаатар хотоос татан авахтай холбогдуулан төр, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн ажлын багийн гишүүд салбар салбарын ажиллах хүч, үйлдвэр, үйлчилгээ, нийгмийн суурь асуудлын хүрээнд саналуудаа илэрхийллээ.


Зарим саналыг онцолбол:

- Монгол Улсын Боловсролын их сургуулийг Архангай аймагт бүрэн төвлөрүүлэх,

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн кластеруудыг бий болгож, үйлдвэрүүд байгуулах,

- Газар зохион байгуулалт, ОНХС-гийн хууль журамд нэмэлт өөрчлөлт оруулах,

- Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг томоохон компани, аж ахуй нэгжүүдэд Архангай аймгийн нөөц боломж, шийдлийг санал болгож, аймагтаа авч ирэх,

- Аялал жуулчлалын чиглэлээр Архангай аймагт үйл ажиллагаа эрхэлдэг боловч татвар шимтгэлээ улсад төвлөрүүлдэг, ажиллах хүчээ нийслэл, бусад аймгаас авдаг аж ахуйн нэгжүүдэд эрх зүйн зохицуулалт хийж, татвар, шимтгэл, бүртгэлийг орон нутагт төвлөрүүлэх зэрэг саналуудыг гаргасан байна.

Холбоотой мэдээ