СЭЛЭНГЭ: 137.4 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-12-20 14:25:29

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээнэ” гэсэн зорилтыг тусгасан байдаг.

 

Тэгвэл энэхүү зорилтын хүрээнд Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээ 2 дахь жилдээ үргэлжиж байна.

 

Тодруулбал 2022 онд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон хамгийн их талбайтай Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хуваарилж өгсөн солбицлын дагуу энэ оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаар “Болд төмөр Ерөө гол” ХХК 2019-2021 онд техникийн нөхөн сэргээлт хийсэн газартаа 30 га талбайд ойжуулалт, Баянголд 70 га талбайд ойжуулалт, Ерөө сумын Их Өлөнтийн ам нэртэй газарт “Капитал авто сервис” ХХК 3 га, “Цемент шохой” ТӨХК 6 га, “Хонгорын орд” ХХК 5 га, “Пентатерра” ХХК 5 га, “Бугант нандин” ХХК 6.3 га, “Ди Зэт энд Ай” ХХК 3 га, “Бугант мандал” ХХК 6.1 га, “Чамин алт” ХХК 3 га талбайд тус тус ойжуулалт хийжээ.

 

Дээрх компаниуд нийт 137.4 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж гүйцэтгэсэн байна.  

 

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, “Оюу толгой” ХХК-иудын хамтран ажиллах гэрээний дагуу Ерөө сумын Ялбагийн гол нэртэй газарт уул уурхайн улмаас эвдэрч, олон жил эзэнгүй орхигдсон 330.4 га талбайн 100 га-д энэ онд нөхөн сэргээлт хийжээ. Энэ ажлыг “Бугант нандин” ХХК, “Үзэгт дэлгэр” ХХК тус бүр 50 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлсэн байна. Эл ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. 

Холбоотой мэдээ