БАЯН-ӨЛГИЙ: 2030 онд тус аймгаар аялах жуулчдын тоог 50 мянгад хүргэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг саяхан "Баян-Өлгий аймгийн хөгжлийн зураглал-2030" бодлогын баримт бичигтэй болсон.
Тус баримт бичигт аймаг, орон нутгийн онцлог, олон үндэстэн ястны өв соёл, шашин шүтлэг, ахуй амьдрал, Монгол Алтайн байгалийн үзэсгэлэнт газрыг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, иргэд, малчдын санал санаачилгыг дэмжих зорилт дэвшүүлээд байна.
Энэ хүрээнд Өлгий хотын нисэх буудлыг нүүлгэн шилжүүлж, Олон улсын жишигт хүргэснээр 2030 он гэхэд гадаад, дотоодын жуулчдын тоо 50 мянгад хүрнэ гэж тооцсон байна. Мөн аялал жуулчлалын үйлчилгээний чанар, стандартыг сайжруулж, хүний нөөцийг чадавхжуулснаар салбарын орлого 14 тэрбумд хүрнэ. Аялал жуулчлал дагасан ажил эрхлэлт 17 хувиар өсөж, орон нутагт шинээр 1000 ажлын байр бий болох аж.
Ташрам дурдахад, 2022 онд Баян-Өлгий аймагт гадаад, дотоодын 42 мянга орчим
аялагч ирсэн гэсэн судалгааг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас
гаргажээ. Эдгээр хүмүүсийн 50 хувь нь Алтай Таван богд уулын бүс нутагт, 34
хувь нь Хотон, Хурган, Даян нуурт, 10 хувь нь Толбо нуурт, 2 хувь нь Ёлтын сав
газар, 2 хувь нь Хөх сэрхийн нурууны дархан цаазат газар, 1 хувь нь Цамбагарав
уул, 1 хувь нь Ачит нуураар аялж амарсан ажээ.