Аргентин Дэлхийн 3 удаагийн аварга болж, Месси хүслээ биелүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-19 10:05:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Катар-2022” ДАШТ-ий “Lusail” цэнгэлдэхэд өчигдөр шөнө /2022.12.18/ Дэлхийн хошой аваргууд болох Аргентин болон Францын шигшээ багуудын хооронд аваргын алтан медалийн төлөөх ширүүн тулаан өрнөж, тэд тоглолтын цагтаа 3:3-аар тэнцэж, 11 метрийн торгуулийн цохилт /пенальт/-оор ялагчийг тодруулахад 4:2-оор Аргентины шигшээ баг хожиж “Алтан дагина” цомын эзэн боллоо.


Өмнөд Америкийн Аргентин болон Европын Францын шигшээгийн гал гарсан тоглолтын гоолын салхийг хагалж, бүх цаг үеийн шилдэг Лионел Месси /Lionel Messi/ 23 дахь минутад гоол оруулсан.


Өмнөх тоглолтуудад сэлгээнд суусан Анхел Ди Мариа /Di Maria, Angel/ энэ үдэш талбайд гарч торгуулийн цохилтыг Усман Дембелегээс авч өгснөөр Месси ийнхүү пенальт цохиж гоол болгов.


Ди Мариагийн чадварлаг тоглолт ингээд дууссангүй, Аргентины 2 дахь гоолыг тэр 36 дахь минутад оруулав.


Эхний хагаст дэлхийн хошой аварга цэнхэр өмсгөлтнүүдийн давамгайллаар өндөрлөсөн бөгөөд сүүлийн хагасын эхний 35 минутад ч тэд тэргүүллээ хадгалсаар байсан юм.  


Харин сэлгээгээр талбайд гарсан Францын Рандал Коло Муани торгуулийн цохилтыг Николас Отамендигээс авснаар Килиан Мбаппе /Kylian Mbappe/ 80 дахь минутад гоол болгосон юм. Энэ гоолыг бараг залгуулаад багийн од Мбаппе шилдэг гэдгээ нотолж тооны харьцааг тэнцүүлж, сүүлийн 10 гаруй минутад 2 баг гоол оруулж чадалгүй үндсэн цаг дууссан.


Ингээд нэмэлт цаг эхлэхэд Лионел Скалонигийн сэлгээ Аргентины тоглолтыг дахин сэргээж 107 дахь минутад Лионел Месси дахин гоол оруулж багтаа тэргүүллийг авчирч чадсан.


Харин Килиан Мбаппе 118 дахь минутад (P) дахин нэг торгуулийн цохилтоос тооны харьцааг 3:3 болгож тэнцүүлснээр пенальт цохихоор боллоо.


Ийнхүү 11 метрийн торгуулийн цохилт хийхэд Месси, Килиан Мбаппе нар эхний цохилтыг итгэл төгс амжилттай оруулсан бол Францын Кингслей Коман, Орельен Чуамени нарын цохилтыг Эмилиано Мартинез амжилттай хаасан юм.


Харин Пауло Дибала Леандро Паредес нар Францын хаалганд гоол оруулж 3:1-ээр аргентинчууд тэргүүлж эхэлсэн.


Шийдвэрлэх мөч буюу 4 дэх торгуулийн цохилтыг Рандал Коло Муани /Франц/, Гонзало Монтиел /Аргентин/ нар гоол оруулснаар Аргентины шигшээ баг 4:2-оор хожиж дэлхийн гурван удаагийн аварга баг боллоо. 



Холбоотой мэдээ