ДУНДГОВЬ: "Манлайлагч-50" хөтөлбөрийн залуучууд үйл ажиллагаагаа төлөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-12-16 11:52:44
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн иргэд нийгэмд нөлөөлж, манлайлж буй залуучуудыг цахимаар тодруулан, “Манлайлал-50” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Тус үйл ажиллагааг ХХҮГ, “Гэрэлтдэг ертөнц” ТББ хамтран аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. Иргэд орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, бусдад зөв үлгэр дууриал үзүүлэн, манлайлдаг 103 залуучуудын нэрийг дэвшүүлж, тэднээс хамгийн олон санал авсан 50 залууг сонгон, анхны уулзалтаа хийжээ.

“Манлайлагч-50” хөтөлбөр нь сонгогдсон залуучуудыг хөгжүүлэх, хамтран орон нутгийнхаа тулгамдсан асуудлыг тодорхойлох, шийдвэрлэхэд нөлөөлөх, бусдыг зөв, эерэг зүйлд уриалан дуудах зэрэг үйл ажиллагааг хамтран зохион байгуулахад нь туслах, нэг зорилгын дор хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлэх ажээ.

Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат оролцож, энэхүү хөтөлбөр нь орон нутагт зайлшгүй хэрэгжих шаардлагатай байсан хэмээн онцолж, цаашид бүхий л үйл ажиллагааг нь дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Энэ үеэр “Илтгэх индрийн ирээдүй” ТББ-ын үндэсний сургагч багш Д.Хүрэлбаатар манлайлагч залууст “Хамтын ялалт” илтгэл тавьж багийн ажиллагаа, багаараа хамтран ажиллахын давуу тал, асуудлыг хамтдаа шийдэх, шинэ санал санаачилгыг хэрэгжүүлэх боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцооны аргад суурилан чадавхжуулжээ.

“Манлайлагч-50” хөтөлбөрийн залуучууд “Бидэнд тулгарч буй асуудал,түүний гарц шийдэлд хүрэхийн тулд юу хийх вэ?” хэлэлцүүлэг өрнүүлж,  5 чиглэлээр баг болж,төлөвлөгөө гаргалаа.

Энэхүү хөтөлбөр энэ оны 12 дугаар сарын 22-ноос 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ