“ХҮ” хамтлагийн “Аянгын нүргээн” цомгийг Лондон хотноо танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-12-13 11:06:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яам “Хү” хамтлагтай хамтран тус хамтлагийн “Аянгын нүргээн” нэртэй цомгийг танилцуулах ажлыг Лондон хотноо ЭСЯ-нд 2022 оны 12 дугаар сарын 8-нд зохион байгуулав.

 

Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх энэхүү үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Хү” хамтлаг “Хүннү рок” хөгжмийн шинэ урсгалыг үүсгэж, Монголын уламжлалт урлагийн өв соёл, агуу түүхийг уран бүтээлээрээ дэлхий дахинд сурталчлан, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж буйг онцлон тэмдэглэв.

 

Тус хамтлаг 2022 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 7-нд Ирландын Даблин, Британийн Манчестер, Лидс, Ноттинхам, Кардиф, Бирмингем, Белфаст, Глазгоу хотод тоглолтоо хийсэн.

 

“Хү” хамтлаг 2019 онд Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор шагнуулсан. Мөн НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО “Хү” хамтлагийг 2022 оны 11 дүгээр сард Энх тайвны төлөөх уран бүтээлчээр (Artist for Peace) томилсноор энэхүү эрхэм хүндтэй үүргийг хүлээсэн анхны рок хамтлаг болсон юм.

“Хү” хамтлаг 2019 онд Британи болон Европын орнуудад аялан тоглолт хийж, “Гэрэг” нэртэй анхны цомгоо танилцуулж байсан. Энэ жилийн аялан тоглолтын хаалтын тоглолтыг Лондон хотын Раунд хаус концертын танхимд 12 дугаар сарын 9-ний өдөр хийлээ гэж Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яам мэдээлэв.




Холбоотой мэдээ