Ж.Байден Украины Ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-12-12 12:54:36

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ням гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьсан талаар Цагаан ордны хэвлэлийн алба мэдээллээ. 


Уг мэдээнд дурдсанаар, НҮБ-ын Дүрмийн үндсэн зарчмуудад суурилсан шударга ертөнц байгуулахад бэлэн байна гэж Украины Ерөнхийлөгч мэдэгдсэнийг Америкийн удирдагч сайшаасан байна. Ж.Байден мөн Украинд эдийн засаг, хүмүүнлэгийн, түүнчлэн аюулгүй байдлын салбарт тусламж үзүүлэх амлалтаа дахин нотолжээ.


"Ерөнхийлөгч Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг бэхжүүлэх нь батлан хамгаалах салбарт үзүүлж буй тусламжийн тэргүүлэх чиглэл гэдгийг цохон тэмдэглэлээ" гэж Цагаан ордны мэдээнд дурдсан байна. ОХУ-ын нисэгчгүй онгоцыг эсэргүүцэх систем зэрэг нэмэлт сум, тоног төхөөрөмжийг Украинд нийлүүлэхэд 275 сая ам.доллар гаргаж буйгаа АНУ 12 дугаар сарын 9-нд мэдэгдсэнийг, түүнчлэн Украины эрчим хүчний дэд бүтцийг сэргээхэд зориулж, 53 сая ам.долларын тусламж үзүүлнэ гэдгээ 11 дүгээр сарын 29-нд мэдэгдсэнийг Ж.Байден мөн онцолсон байна. 


Украины төрийн тэргүүн В.Зеленский АНУ-ын Ерөнхийлөгчтэй ярилцах үеэрээ "G7"-ийн орнуудын удирдагчдын цахим дээд хэмжээний уулзалтын өмнө түүнтэй байр сууриа нэгтгэсэн гэж "Telegram" хуудсандаа мэдэгджээ. Түүний хэлснээр цахим уулзалт өнөөдөр болох бөгөөд Украин оролцох аж. 


Тэрбээр мөн 2022 оны хоёрдугаар сард ОХУ халдан довтолсны дараа улс оронд нь "урьд хожид байгаагүйгээр" тусламж үзүүлж буйд талархал илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ