БАЯН-ӨЛГИЙ: Авлига, албан тушаалын гэмт хэрэг 1,4 дахин өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-12-01 15:57:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Прокурорын газар 2022 оны эхний 11 сарын байдлаар авлига, албан тушаалын 40 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажиллажээ.


Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1,4 дахин өссөн үзүүлэлт аж.


Тус аймагт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан өөр өөртөө холбоотой шийдвэр гаргах, албан тушаалтнуудыг хууль бусаар томилох, хүний нөөц, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас газар олгохтой холбоотой гэмт хэргүүд түгээмэл гарч байгаа. Мөн төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа албан тушаалтнууд өөрсдөө сонгон шалгаруулалтад оролцдог, бусдын нэрээр ордог, Төсвийн тухай хуулийг зөрчиж Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг зориулалт бусаар зарцуулах, Сум хөгжүүлэх сангийн зээлийг хамаарал бүхий этгээдэд олгох зэрэг гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй гарсан аж.


Тухайн төрлийн гэмт хэргийн тоо өсөхөд аливаа асуудлыг танил талаар шийдэх хандлага их байгаа, албан тушаалтнууд буруу зүйл хийж байгаагаа ойлгодоггүй, төрийн алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэг сул зэрэг хүчин зүйл нөлөөлж байгааг судлаачид хэлж байна.   

Холбоотой мэдээ