ӨВӨРХАНГАЙ: Чингис хааны зарлигийн бичээстэй хөшөөг сэргээн босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-11-28 19:27:09

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Япон Улсын Рюкокү их сургуулийн санхүүжилтээр Хэлний бодлогын үндэсний зөвлөл, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын дэмжлэгээр Чингис хааны зарлигийн бичээс буюу “Хархорумын нэгдүгээр монгол бичээст хөшөө”-г Хархорин хотноо дахин босголоо. 


Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 1346 онд Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөрийн зарлигаар босгож байсан уг хөшөөг 1380 онд Хятадын Мин улсын цэрэг Хархорум хотыг эзлэн шатаах үед эвдэрсэн хэмээн түүхэнд тэмдэглэжээ. Монгол-Германы хамтарсан шинжилгээний анги 2003 оны 8 дугаар сард хийсэн малтлагаар Эрдэнэ - Зуу хийдийн Цогчин дуганы сууринаас нэг бичигт хөшөөний хэсгийг малтан олсон юм. 

Энэ нь Дундад зууны Монголын түүхэнд асар их үнэ цэнтэй Хархорумын 1-р монгол бичээст хөшөөний хэсэг болох нь тогтоогдсон бөгөөд Хархорум хотын түүх-археологийн судалгаанд чухал үйл явдал болсон билээ. Уг хөшөөний бичээст “Чингис хаан их ор суусан 15-р он цагаан луу жилд Хорумд суух балгасун оршигуулсан ажгуу” хэмээн өгүүлсэн нь 1220 онд Монголчууд Их Монгол улсынхаа нийслэлийг Орхоны хөндийд байгуулахаар сонгож авсныг гэрчлэх албан ёсны баримт болж байдаг аж.

Мөн энэ үеэр Хархорум музейн үзэсгэлэнгийн танхимд AR технологи ашигласан “Эзэн хааны гэрэлт хөшөө” цахим үзэсгэлэн, “Нүүдэлчдийн баримтат өв” үзэсгэлэнг нээж, “Нүүдэлчдийн бичээст чулуун дурсгалын судалгаа, өнөө ба ирээдүй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулаад байна.

Холбоотой мэдээ