Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд бараалхлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-11-28 17:16:30

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян тус улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бээжин хотноо даваа гарагт бараалхлаа. Талууд хоёр талын харилцааг улам өргөжүүлэх чиглэлд хамтын хүчин чармайлт гаргахаар тохиролцжээ.


Хятад болон Монгол нь найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх өвөрмөц нөхцөлтэй, олон талаар харилцан бие биеэ нөхөх давуу талтай найрсаг хөршүүд юм гэж Ли Көчян хэлээд, Хятад улс Монгол Улстай тогтоосон харилцаагаа үргэлж чухалчилж, хөршийн дипломат ажиллагаанд хоёр орны харилцаа чухал байр суурь эзэлсээр ирсэн гэв.


Хятад улс Монгол Улстай өндөр түвшний нягт хэлхээ холбоогоо хадгалж, бие биеийнхээ язгуур ашиг сонирхлыг хүндэтгэж, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутаг, олон улсын үйл хэрэг дэх харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлэхийн сацуу хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахад бэлэн байна гэж Ли Көчян хэлжээ.


Түүнчлэн Хятад, Монголын хамтын ажиллагаа нь бүс нутгийн тогтвортой байдал, хөгжилд төдийгүй дэлхийн энх тайвныг тогтооход хувь нэмэр оруулж байгааг онцолжээ. Манай улс Монгол Улстай хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг сайжруулж, дэд бүтцийн бүтээн байгуулалт, нүүрс болон бусад эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой хангамжийг хамтаар хамгаалахад бэлэн байна гэж тэрбээр хэлэв.


Хятад улс хилээр дамжин өнгөрөх тээвэр, төмөр замын харилцааны хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаагаа бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад хүчин чармайлт гаргана гэж Ли Көчян нэмж хэлжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд, Монгол, Хятад нь сайн хөрш, сайн нөхөр, сайн түнш гэдгийг цохон тэмдэглэжээ. Мөн Хятад улстай урт хугацааны, тогтвортой, сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг тэмдэглээд, хоёр орны хөгжлийн стратегийн уялдаа холбоог сайжруулж, хоёр талын худалдааг өргөжүүлэхэд бэлэн байна гэв.


Монгол Улс дэд бүтэц, эрчим хүч, цөлжилтөөс сэргийлэх, тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, ложистик, тээвэрлэлтийг хөнгөвчлөх, хилийн боомтуудын гаалийн бүрдүүлэлт хийх ажлыг сайжруулах, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахын төлөө хамтын хүчин чармайлт гаргахад БНХАУ-тай хамтран ажиллахад бэлэн байна гэж У.Хүрэлсүх хэлжээ.

Холбоотой мэдээ