ӨВ СОЁЛ: Т.Өркен: Үндэсний урлагийг тав дахь үедээ уламжлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-11-28 09:30:02

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казахын ард түмний үндэсний хувцаснуудыг урладаг соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, Өлгий сумын 6 дугаар багийн иргэн Т.Өркентэй ярилцлаа.


- Үндэсний хувцас урлах урлагийг анх хэзээ, хаанаас сурснаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?

- Миний нагац өвөө Силам гэдэг хүн уран гартай хүн байсан. Цагтаа төрөл бүрийн үндэсний хувцас, гутал хийдэг байжээ. Нагац өвөөгийн энэхүү ур чадвар нь миний ээж Дөхийд уламжлагдсан. Ээж маань аравч, ширдэг, дэвсгэр, хувцас  зэргийг маш уран хийцээр хийдэг байлаа. Жишээлбэл, аравчийг эскиз зураггүйгээр 15 хоногийн дотор урладаг хүн байсан. Казахын ард түмний үндэсний дээл, малгай, бусад эд зүйлсийг хэрхэн хийхийг ээж маань надад хар багаас минь зааж сургасан. Одоо ээжээсээ сурсан зүйлээ хүүхдүүддээ, бэрүүддээ, бүр ач нартаа хүртэл зааж байна. Өөрөөр хэлбэл, үндэсний урлагийг тав дахь үедээ уламжлуулж байна. Дөрвөн хүүхэд маань бүгдээрээ их, дээд сургууль төгссөн ч казахын ард түмний гар урлал, хатгамлын урлагийг орхигдуулалгүй авч явж байгаа.

 

- Та ямар мэргэжилтэй хүн билээ?

- Бага ангийн багшаар анхны хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Дараа нь хивсний цехэд ажиллаж байлаа. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэний дараа 1994 оноос нөхөртэйгөө хамт хувиараа хөдөлмөр эрхэлж, үндэсний гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэх өрхийн бизнесээ хийж байна.

 

- Одоо ямар төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?

- Казахын үндэсний дээл, малгай, бусад төрлийн хувцас,  төрөл бүрийн утсаар чимж сүлжсэн дэрс, ширдэг, гэрийн оосор, бүч, орны нүүрэвч гээд олон төрлийн юм хийж байна. Бүтээгдэхүүнээрээ дамжуулж казахын ард түмэн гэж ийм соёл, өв уламжлал, онцлогтой ард түмэн шүү гэдгийг бусдад сурталчлахыг зорьдог.

 

- Баян-Өлгий аймагт үндэсний онцлогтой бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүд нэлээд байна. Таны хийж байгаа зүйлс бусдаас юугаараа ялгардаг вэ?

- Миний гол онцлог бол бүтээгдэхүүндээ мал, үнэг, минж зэрэг ан амьтдын арьсыг олноор ашиглана. Казахууд эрт дээр үеэс арьсыг элдэж, төрөл бүрийн хээ, угалз бүхий хатгамлаар чимэглэж хувцас хийдэг байсан. Энэ аргуудыг өргөнөөр ашиглаж байна. Бас ихэнх зүйлийг гар аргаар хийдгээрээ онцлогтой.   

 

- Голдуу ямар хээ, угалз ашигладаг вэ?

- Ээжийн заасан эвэр угалз хээг ихэвчлэн ашигладаг. Мөн хадны сүг зураг, эртний эд зүйлс, түүхэн дурсгалуудад байгаа дүрс, хээ угалзуудыг орчин үетэй уялдуулан оруулдаг.  

 

- Бүтээгдэхүүнийхээ дизайныг өөрөө гаргадаг уу?

- Тийм ээ, өөрөө зурдаг. Заримдаа хүүхдүүд маань тусалдаг.

 

- Шинэ загваруудынхаа санааг хаанаас олдог вэ?

- Эрэл хайгуул их хийдэг. Тухайлбал, арав гаруй жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай Баян-Өлгий аймагт ирж ажиллахад түүний Наурыз баярын үйл ажиллагаанд өмсөх хувцсыг бусад хүмүүстэй хамтран хийж байлаа. Үнэгний годоор дээлийн зах хийх эртний аргыг тэр үед сэргээн ашигласан. Үүнээс хойш манай аймагт Ерөнхий сайд байхдаа ирсэн одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл болон үе үеийн УИХ-ын гишүүд, төр засгийн болон гадаадын зочид төлөөлөгчид, аймгийн удирдлагуудын баярын гоёлыг урлаж байлаа.

 

- Таны хийж буй бүтээгдэхүүнүүд зах зээлд хэр эрэлттэй байдаг вэ?

- Эрэлт сайн байгаа. Зөвхөн манай улс биш, Казахстан ,Турк, Америкаас хүртэл захиалга ирдэг. Казахстан Улс "Абылай хан" нэртэй түүхэн кино хийх үеэр надад захиалга өгч 5 малгай хийлгэж байлаа. Саяхан "Казахын хаант улс" нэртэй цуврал кино бүтээхэд зориулж дахиад захиалга өгч малгай авсан. Ер нь борлуулалтын тал дээр асуудал байхгүй. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд маань тухай бүртээ зарагддаг.

 

- Таны хийсэн бүтээгдэхүүнүүдийг ажиглаад байхад малгайнууд загвар дизайн, хийцээрээ онцгойрч байна. Энэ талаар ярихгүй юу?

- Малгайнууд төрлийн хувьд Найман малгай, Керей малгай зэргээр хуваагддаг. Монголд амьдардаг казахуудын дийлэнх нь Керей овгийнхон шүү дээ. Керей малгайн оройн хэсэг нь дөрвөн талтай байдаг. Тэр нь ертөнцийн дөрвөн зүг, мөн элбэг дэлбэг, тэгш дүүрэн байхыг бэлгэддэг. Малгай хийх урлаг нь өөрийн гэсэн онцлогтой, олон зуун жилийн түүхтэй. Эрт үед малгайн толгой хэсгийг эсгийгээр доторлож, утсаар олон дахин ширснээр гал, халуун агаар, гаднын доргилтоос, адууны сүүлийг малгайн арын хүзүүвч хэсэгт хийж оёсноор сэлмийн цавчилтаас хамгаалдаг байсан. Энэ мэт уламжлалт аргуудыг орчин үеийн хэв маягтай уялдуулан бүтээгдэхүүнүүддээ ашиглахыг хичээдэг.

 

- Та өөрөө бол соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч хүн шүү дээ. Тиймээс тээж яваа соёлын өвийг дараагийн үед өвлүүлэх нь чухал ач холбогдолтой байдаг. Таны хувьд хэчнээн шавьтай вэ?

- Өнөөдрийг хүртэл 60 орчим хүнд мэдсэн, сурсан зүйлээ зааж, туршлагаасаа хуваалцсан байдаг. Тэдний дотор энэ чиглэлээр тусдаа бизнес нээж үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс ч байгаа. Саяхан нэг хүн Бүгд Найрамдах Казахстан Улсад бизнес нээхээр явсан. Казахстаны талаас надад олон удаа хүсэлт тавьж, ирж ажиллахыг санал болгосон ч талгалзсан.

 

- Соёлын өвийг өвлөн уламжлагчдыг орон нутаг, төр засгаас хэр дэмжиж байна?

- Саяхныг хүртэл дорвитой дэмжлэг байгаагүй. Өнгөрсөн жилээс Соёлын яам, орон нутагт Соёл, урлагийн газар гэж тусдаа байгуулсан шүү дээ. Цаашид тусалж дэмжинэ гэж найдаж байна.

 

- Таны хувьд яг ямар дэмжлэг хэрэгтэй байна?

Санхүүгийн дэмжлэг хамгаас чухал байна. Тийм бололцоо гарах юм бол ажлын байраа томсгож, хэдэн хүнийг ажилтай болгох, илүү олон хүнийг зааж сургах боломж бүрдэх юм.

 

- Цаашид хийхээр төлөвлөж буй ямар ажил байна?

- Эрт дээр үед хонь, ямааны арьсыг үсийг нь зумлаж илдэж, хатгамлаар чимэглэж, хурга, минжний арьсаар эмжээрлэж оёсон хувцсыг хүмүүс өмсдөг байсан. Ийм хуучны илгэн дээлийн загвар аймгийн Музейд хадгалагдаж байгаа. Цаашид энэхүү аргаар хувцас оёж, ийм зүйл байдаг шүү гэдгийг олон нийтэд танилцуулах, улмаар хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байна.   

 



Холбоотой мэдээ