ДУНДГОВЬ: Дэрэн сумын Соёлын төв Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дадьсүрэнгээр овоглож, нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-11-25 16:48:48
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын шийдвэрээр Дэрэн сумын Соёлын төвийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт уртын дуучин Гарамын Дадьсүрэнгийн нэрэмжит болгохоор шийдвэрлэж, 11 дүгээр сарын 24-нд нээлтээ хийлээ.

"Монгол бахархлын өдөр"-өөр зохион байгуулсан тус үйл ажиллагааны үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дадьсүрэн агсны цээж баримлыг хүндэтгэлтэйгээр байрлуулж, "Уртын дууны өвгөн ноён" ном болон түүний дуулсан дууны CD-ний нээлт хийж, шавь нар, түүний үр хүүхдүүд, сумын ардын авьяастнууд хамтран хүндэтгэлийн тоглолтоо өргөн барьжээ.  



Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, уртын дууч Г.Дадьсүрэнгийн гэгээн дурсгалыг хүндэтгэх энэхүү үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Сандагийн Од-Эрдэнэ, ЗДТГ-ын дарга Л.Доржбат, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Эрдэнэчулуун, "Урлаг" сангийн тэргүүн, хөгжмийн зохиолч Г.Түвшинтөр, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч А.Лхагваа, Дуурьсал хамтлагийн хамт олон гээд Г.Дадьсүрэн агсны шавь нар, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд оролцсон юм. 



Г.Дадьсүрэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалтад багтсан 102 өвлөн уламжлагчийн нэг юм.

Тэрээр 1943 онд Дэрэн сумнаа төрж, 1959 онд сумын бага сургуульд аж ахуй, бичиг үсгийн багшаар ажлын гараагаа эхэлжээ.  1966-1978 онд тус сумын “Найрамдал” нэгдэлд малчин, 1979-1982 онд “Бумбат” бригадын дарга, 1983-1986 онд сумын Худалдаа бэлтгэлийн ангид нярав, 1985-1989 онд Морин хуурын цехэд ажилчин, 1990 оноос хойш мал маллан амьдарч байжээ.

1960-аад оноос эхлэн монгол ардын уртын дууг бараат болон боржигон аялгаар дуулж, уртын дуу сонирхогч иргэдийн дунд уртын дууны дугуйлан хичээллүүлж, урын сангаа залуу, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулсан байна.

Тэрээр Түмэн эх, Өвгөн шувуу, Хуурын магнай, Дөрвөн цаг, Дуртмал сайхан, Хэрлэнгийн барьяа, Цэвцгэр хурдан шарга, Сэрүүн сайхан хангай, Тэгш таван хүсэл, Энх мэндийн баяр, Асрын өндөр, Богдын өндөр, Түргэн туул, Номин, Сэтэрт шарга, Алиа саарал, Бор борын бялзуухай зэрэг 60 гаруй уртын дууг өвлөн уламжилсан бөгөөд Уяхан замбуу тивийн наран, Цэвцгэр хурдан шарга, Богдын өндөр зэрэг дууг уламжлалт ая дангаар нь заалгасан хүн юм. Төрийн соёрхолт Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай алдарт уртын дуучин Н.Норовбанзад түүнийг “багш” хэмээн хүндэлдэг байжээ.

Түүнчлэн Г.Дагийранз морин хуур урлах дэг сургууль, гийнгоо, ингэ хөөслөх, үнээ өвлөх, бог мал тойглох, цийглэх зэрэг малын уриа дуудлага, боржигон найрын дэг жаягийг залуу хойч үедээ өвлүүлэн сургасан хүн юм. 

Холбоотой мэдээ