Израилын хууль журмыг баримтлахыг анхаарууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Израил Улсын хилийн шалган нэвтрүүлэх цэгээс буцаагдах тохиолдол гарсаар байгаатай холбоотойгоор ГХЯ-ын Консулын газраас дараах зөвлөмжийг гаргасан байна.
Монгол Улс, Израил Улс хооронд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих хэлэлцээртэй хэдий ч манай улсын иргэд богино хугацааны аялал жуулчлалын зорилгоос бусад зорилгоор зорчих, хугацаа хэтрүүлэх, хууль бусаар хөдөлмөр эрхлэх, аяллын зорилго болон санхүүгийн баталгаагүй зэргээс шалтгаалан тус улсын хилийн шалган нэвтрүүлэх цэгээс буцаагдах болсон аж.
Иймд Израил Улс руу богино хугацаатай зорчиж буй иргэд санхүүгийн хангалттай эх үүсвэртэй байх, зочид буудлын захиалгаа баталгаажуулах, аяллын зорилго, төлөвлөгөөгөө нотлох, тэнд байх хугацаагаа хэтрүүлэхгүй байх, холбогдох хууль, журмыг баримтлахыг анхаарууллаа.