ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Завханд 2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 40 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-18 12:25:37

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймагт 2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 127.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 40 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ.


2023 оны төсвийн тухайд шинэ хөрөнгө оруулалт эхлүүлэхгүй өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтаа дуусгах бодлого барьжээ. Мөн цалингийн тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх аж. Тухайлбал, төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчийн цалинг нэг суурьтай, шатлалгүй болгоно. Бага цалинтай төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор 6 хувиар нэмэгдүүлнэ.


Төрийн албан хаагчийн ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам тооцож олгоно. Төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдлийг 20-100 хувиар тооцож олгохоор болжээ. Улсын төсөв батлагдсантай холбоотой аймгийн Төрийн сангаас Завхан аймгийн 2023 оны батлагдсан төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн талаарх тодруулгыг авлаа. 


/Завхан аймагт 2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 127.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 40 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ/


/Завхан аймагт 2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 127.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 40 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ/



Завхан аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Хүрэлбаатар:


2023 онд Завханы 16 сум орон нутгийн хөгжлийн санд урамшуулал авна

-Монгол Улсын 2023 оны төсөв баталлаа. Завхан аймаг улсын төсвөөс хэчнээн төгрөгийн дэмжлэг авах вэ?

-Монгол Улсын Их хурлаас баталсан 2023 оны төсөвт Завхан аймаг 33.6 тэрбум төгрөгийн суурь зардалтай ажиллахаар тусгагдсан байна.


-Ирэх онд Завхан аймаг хэдэн төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөв?

-Завхан аймаг ирэх жил буюу 2023 онд 15.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Харин өнгөрсөн жил 18.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байсан. Энэ жил яагаад буурав гэхээр, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт орж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг тухайн орон нутагт нь шилжүүлнэ гэж заасан байдаг.

Манай аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа нэг компани бий. Энэ компанитай холбоотойгоор өнгөрсөн жилийн орлогын төлөвлөгөөний 40 хувь нь бүрдэж чадаагүй. 2022 онд 6 тэрбум 840 сая төгрөг, буюу 40 хувиар төвлөрөхөөр төлөвлөсөн. Гэтэл уул уурхайн компанийн үйл ажиллагаа, бусад хүчин зүйлээс шалтгаалаад энэ орлого тасалдсан. Хүлээгдэж буй гүйцэтгэлээр энэ орлого 64 хувийн гүйцэтгэлтэй буюу 4.1 орчим тэрбум төгрөг нь оны эцсээр орохоор байна. Үүнээс үүдэн аймагт 2.6 тэрбум төгрөг тасрах нь. Энэ маань төрийн үйл ажиллагаа ард иргэдэд хэвийн хүрэхгүй алдагдах, нөгөө талаас аймгийн төрийн байгууллагуудад жилийн эцэст тодорхой хэмжээний өр үүсэх. Төрийн албан хаагчдын цалин, тогтмол зардлууд олгох боломжгүй болох эрсдэл үүсээд байна.


-2023 оны орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн хуваарилалт хийсэн үү?

-2023 оны орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг бид хүлээж аваад байна. Орон нутгийн хөгжлийн сангийн тухайд энэ жил 11.9 тэрбум төгрөг хуваарилагдсан байна. Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амыг харгалзан үзэж хуваарилдаг. Тухайлбал, алслалт 30 хувь, хүн амд 40, нутаг дэвсгэрийн хэмжээ 30 хувь гээд нийт 100 хувь гэж бүрдээд энэ итгэлцүүрээр хуваарийг сумуудаар гаргаад сангийн яамнаас орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг баталдаг.

2022 оны төсвийн тухай хуульд зааснаар орон нутгийн хөгжлийн сангийн 50 хувийг нь сумуудад, 50 хувийг нь аймгийн орон нутгийн хөгжлийн санд зарцуулна гэж заасан. 2023 онд сумуудад 5.5 тэрбум, аймагт 5.5 тэрбум гээд нийт 11 тэрбум төгрөгийн төсөв хуваарилагдсан байна.


-Орон нутгийн хөгжлийн сангийн урамшуулал гэж сумд авдаг. -Хэчнээн сум энэ урамшууллыг авах вэ?

-Сумдын орон нутгийн хөгжлийн санд "Тогтвортой амьжиргаа-3" төслөөс жилийн гүйцэтгэлд нь үнэлгээ хийгээд, эрэмбэлж, дэлхийн банкны санхүүжилтээр урамшуулал олгодог.

Өөрөөр хэлбэл орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаагаа хууль, журмын дагуу зөв удирдан зохион байгуулж, иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлж харьцангуй өндөр оноо авсан сумд, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийнхөө хэмжээг нь нэмэгдүүлж урамшуулал авдаг юм. Энэ жилийн тухайд Завханы 24 сумаас 16 сум 615 сая төгрөгийн урамшуулал авч байна.

Мөн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр гээд 50, 50 хувийн төлбөрийн орлого төсөвт орж ирдэг. Мөн малыг эрүүлжүүлэх, тарилга, туулга вакцинжуулалтад 506,9 сая төгрөг хуваарилагдсан байна. Бид жилийн төсвийн төлөвлөлтөө хийгээд, иргэдээс ирсэн саналуудыг үндэслээд, төсвийн тухай хуулийн хүрээнд төсвийн цагалбарын дагуу 12 дугаар сарын 5-ны дотор дараа оны төсвийг батлах хуулийн заалттай. Энэ хуулийн дагуу аймгийн ИТХ хуралдаж, 2023 оны жилийн төсвийг батална. Одоогоор 2023 оны Завхан аймгийн төсвийн дэлгэрэнгүй задаргаа мэдээлэл гараагүй байна. Дахин дэлгэрэнгүй мэдээллийг өгнө.

-2023 оны төсвийн онцлог юу вэ?

-2023 оны төсвийн онцлог нь төрийн захиргааны албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсантай холбоотой энэ нь ирэх оны төсөвт суусан байгаа. Мөн 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг болгож байгаатай холбоотой төрийн үйлчилгээний албан тушаалтнуудын цалин 6 хувиар өсөж байгаа. Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг хуучин ажилласан жилээс нь хамаарч, таван хувийн давтамжтай нэмэгдүүлдэг байсан.

Тэгвэл 2023 оноос эхлэн нэг жил ажилласан бол нэг хувь, хоёр жил ажилласан бол хоёр хувь, 25 жил ажилласан бол 25 хувийн цалингийн нэмэгдэл авах боломжтой болсон. Түүнчлэн орон нутгаасаа 80 хүртэлх хувийн нэмэгдэл цалин авах боломжийг төсвийн тухай хуулиар нээгээд өгсөн. Тэгэхээр орон нутгийн төсөв бүрдэл сайтай бол орон нутгийнхаа захиргааны байгууллагын төрийн захиргааны албан тушаалтанд энэ нэмэгдлийг олгох боломжийг нээж өгсөн гэсэн үг.

Манай аймгийн тухайд улсын төсвөөс дэмжлэг авдаг аймаг учраас 80 хүртэлх хувиар нэмэгдүүлэх боломж байхгүй.

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ