Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-17 08:35:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жендэрийн үндэсний хорооны 2022 оны 2 дугаар тогтоолоор батлагдсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө 2022-2031”-ийг Гадаад харилцааны яамны албан хаагчдад танилцуулах арга хэмжээ энэ сарын 16-нд болов.


Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Б.Онон, Жендэрийн үндэсний хорооын Ажлын албаны Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа нар уг төлөвлөгөөний шаардлага үндэслэл, зорилго зорилт, үйл ажиллагааны чиглэл болон гадаад харилцааны салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.


Энэхүү төлөвлөгөө нь Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг дэмжиж, ирэх арван жилд төр, төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хамтран хэрэгжүүлэх салбар дундын стратеги төлөвлөгөө юм.

ГХЯ-ны зүгээс жендэрийн эрх тэгш байдлыг хангах Монгол Улсын Дипломат албаны жендэрийн бодлогын баримт бичиг болон Дипломат албаны жендэрийн бодлогыг (2020-2025) хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна.

Холбоотой мэдээ