ДУНДГОВЬ: Боловсон хүчний хангалтыг 85,0 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-11-17 20:33:22
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас 2022 оны “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, 2021 оноос “Хүний нөөцийн дэд хөтөлбөр”-ийг ИТХ-аар батлуулан 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Тус дэд хөтөлбөрийн хэрэгжилт, “Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын үр дүнгийн хурлыг өнөөдөр аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрт зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд ЗГХЭГ-ын орон нутгийн зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, аймгийн удирдлагууд, төрийн алба хаагчид, 15 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нар оролцжээ.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат тус хурлыг нээж хэлсэн үгэндээ "Монгол Улсын Төрийн албаны тухай хууль шинэчлэн баталж, хэрэгжиж эхэлснээр төрийн албанд томоохон өөрчлөлт, шинэчлэлийг хийж, төрийн захиргааны бүх шатны байгууллагууд өмнөө шинэ зорилтуудыг дэвшүүллээ.

Дундговь аймгийн хувьд “Хүний нөөцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг аймгийн ИТХ-аараа батлуулан 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төрийн албан хаагчдын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, урамшуулал, хариуцлагын тогтолцоо бүхий чадавхын тогтолцоонд тулгуурласан чадварлаг төрийн албыг бүрдүүлж, удирдлагын манлайллыг дээшлүүлэх боломж бүрдсэн.

Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутгийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай байгаа өндөр чадамж бүхий боловсон хүчнийг салбар бүрт тасралтгүй бэлтгэж, 2020 оны байдлаар 66,9 хувьтай байсан боловсон хүчний хангалтыг 2025 он гэхэд  85,0 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Мөн төрийн албан хаагчдын ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах ажлыг шат дараатай авч хэрэгжүүлж, мэргэшсэн, чадвартай, шударга, хариуцлагатай, өндөр бүтээмжтэй төрийн албан хаагчтай болохыг зорьж байна” гээд аймагт хэрэгцээтэй байгаа боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, төрийн алба хаагчдын нийгмийн хангамжийг сайжруулах, ажиллах таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааг танилцуулсан  юм.  


Тодруулбал, тус дэд хөтөлбөрийн хүрээнд 2022 онд орон нутагт нэн шаардлагатай байгаа 22 боловсон хүчнийг бэлтгэхэд 57,2 сая төгрөгийн сургалтын төлбөр, Глобал удирдагч их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж, мэргэжил дээшлүүлэх болон магистрын сургалтад 160 төрийн албан хаагчийг хамруулж, 66,1 сая төгрөг, Удирдлагын академийн ахлах түшмэлийн мэргэшүүлсэн багц сургалтад 7 албан хаагчийг хамруулж, 11,3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, дэмжлэг нэн шаардлагатай байгаа 4 албан хаагчид 25,0 сая төгрөг, орон нутагт ажиллаж амьдарч байгаа  албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж,  4 сумын 4 алба хаагчид монгол гэр авахад нь дэмжлэг болгож 12,0 сая төгрөг, төрийн албанд тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж буй 8 төрийн албан хаагчид орон сууцны дэмжлэг 67,0 сая төгрөг олгож, ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор 7 сумын ЗДТГ-т 20,0 сая төгрөгийн тоног төхөөрөмж өгсөн байна.

Энэ үеэр ЗГХЭГ-ын орон нутгийн зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар оролцогчдод “Стратеги төлөвлөгөө боловсруулах журам”-ыг танилцуулж, Дундговь аймгийн хувьд Канад Улсын Засгийн газраас тус аймагт МЕРИТ төсөл хэрэгжиж байгаа нь маш том боломж юм гээд энэ төслийн үр дүн сайн байгааг онцолжээ.


Мөн Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун “Хандлага зан үйлийн өөрчлөлт төрийн албаны бүтээмжид нөлөөлөх нь” сонирхолтой илтгэл тавилаа.

Тэрээр илтгэлдээ “Төрийн албаны шинэчлэлтэй хамт явъя гэж бодож байгаа бол бодлоо цэгцэл, төрийн албаны шинэчлэл надаас юу шаардаад байна вэ гэх бодлоос л өөрийгөө өөрчилж эхэл, амьгүй албат байх юм бол бид төрийн албыг яаж урагшлуулах юм бэ? Бүтээмж гэдэг богино хугацаанд, бага зардлаар хийх ёстой ажлыг хийсэн байх, гэхдээ түүнийгээ чанартай гүйцэтгэсэн байх л асуудал юм.  

Төрийн бүтээмж ярьж байгаа түүхэн цаг үед бид амьдарч байна. Тиймээс шинэчлэлийг боломж гэж хар. Зорилгоо ойлгож, түүнийхээ төлөө аль ч шатанд хийгүй, зөв, сайн ажиллах хуулийн шаардлага бий болж байна. Боловсрох шаардлага байна, та өөрөө гэрэл нь бай, өөрийгөө өөрчил” гэлээ. 



Холбоотой мэдээ