СЭЛЭНГЭ:Б.Пүрэвсүрэн: Өмнө хаалттай байсан мэдээллүүд өнөөдөр ихэнх нь нээлттэй болсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-11-15 23:24:19

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хурлын бага танхимд “Мэдэх эрх зөрчигдвөл бүх эрх хөндөгдөнө” сэдэвт сургалтыг “Миний ирээдүй миний гарт” төслийн хүрээнд, Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төвийн дэмжлэгтэйгээр "Глоб интернэшнл" төвөөс зохион байгууллаа.

 

Сургалтын талаар "Глоб интернэшнл" төвийн Хөтөлбөрийн зохицуулагч Б.Ононгоос тодрууллаа.

-Тэрээр:”Бид сургалтын хөтөлбөр, арга зүйг боловсруулахдаа “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-ийн талаарх иргэдийн болон төрийн албан хаагчдын мэдлэг ойлголтыг тандах. Мөн хуулийн дагуу мэдээлэл хариуцагч субьектуудын хууль хэрэгжүүлэх идэвхийг үнэлэх зорилгоор хийсэн мониторингийн дүнд тулгуурлан боловсруулсан. Нийтдээ 775 иргэн оролцсон судалгааны дүнгээр иргэдийн 68 хувь нь тус хуулийн талаар мэдлэг ойлголтгүй гэсэн. Харин 383 төрийн албан хаагчийн 66 хувь нь хууль хэрэгжүүлэх хангалттай мэдлэггүй гэсэн үр дүн гарсан. Энэ судалгаанд Сэлэнгэ, Увс, Өмнөговь, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг хамрагдсан"  гэлээ.

 

Сургалтад Сэлэнгэ аймгийн төрийн байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл 20 гаруй хүн оролцлоо.

 

Сургалтад оролцогчдод Мэдэх эрх гэж юу вэ?, “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө”, “Хүний хувийн мэдээллийг хамгаалах нь”, “Хараат бус хэвлэл мэдээллийн ач холбогдол, эрх зүйн орчин, хэрэгжилт”, “Нийтийн мэдээллийн ил тод байдлыг тухай хуулийн анхаарах асуудлууд” зэрэг сэдвээр мэдлэг ойлголт өгөв.

 

Ингээд сургалтыг удирдан явуулсан "Глоб интернэшнл" төвийн хуульч Б.Пүрэвсүрэнтэй цөөн хором ярилцлаа.

 

-Энэхүү сургалтыг Сэлэнгэ аймагт анх удаа зохион байгуулж байгаа гэж түрүүн хэлж байсан. “Миний ирээдүй-миний гарт” төслийнхөө үр дүн хийгээд ач холбогдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Гол нь энэ төслийн ач холбогдол юу вэ гэхээр. Хууль зүй дотоод хэргийн яам дээр нийтийн мэдээллийг ил тод болгох, хэрэгжилтэд үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий зөвлөл ажилладаг. Миний бие тэр зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа. Зөвлөл өнгөрсөн 9 дүгээр сард анх удаа хуралдсан. Энэ хурлаараа ерөнхийдөө нэг шийдэлд хүрч, нийтийн мэдээллийн хуулиа баталсан. Гэвч энэ хуулийг таниулах ажил хангалтгүй байна. Төрийн албан хаагчдын мэдлэг ойлголт дутмаг байна. Нөгөө талаас мөн иргэдийн мэдлэг ойлголт ч дутмаг байна. Иймээс хууль сурталчлах ажлыг эрчимтэй өрнүүлэх шаардлагатай гэдгийг бид харсан.  

 

Иймд олон улсын байгууллагуудын туслалцаа, төсөл хөтөлбөрүүдийг /яаман дээрээ ч юм уу/ авъя гэсэн саналууд гарсан. Энэ саналыг ярилцаж байх хоорондоо Америкийн Нью-Йоркт төвтэй Олон улсын ашгийн бус хуулийн этгээдээс Монгол Улсад маш богино хугацаанд яг энэ мэдээллийн эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн таниулан сурталчлах төсөл хэрэгжиж байгаа нь өөрөө маш давуу тал. Нөгөө талаас бид энэ нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг баталсантай холбоотой маш гоё шинэлэг зохицуулалтыг ашиглаж чадвал маш олон төрлийн мэдээлэл шинээр нээлттэй болсон.

 

Энд таван чиглэлийн 68 төрлийн мэдээлэл, хууль бүр 600 гаруй төрлийн мэдээллийг нээлттэй байхаар заасан. Иймээс өмнө хаалттай байсан мэдээллүүд өнөөдөр ихэнх нь нээлттэй болчихлоо. Тэгэхээр иргэдийн мэдээлэл авах, төр засагтайгаа харилцах, хяналт тавихад маш том дэмжлэг, түлхэц болсон хууль байна гэж харж байгаа.       

 

Холбоотой мэдээ