ХОВД: Цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-15 11:37:50

Ховд /МОНЦАМЭ/. Цэцэрлэгийн багш бүр ажлын зохион байгуулалтын шинэ хэлбэрийг эрэлхийлж, хүүхдийн нас, сэтгэхүйд тохирсон олон талт үйл ажиллагаа зохион байгуулах замаар хүүхэд багачуудын авьяасыг нээн хөгжүүлэхийг зорьж байна.

Ховд аймгийн Жаргалант сумын 11 дүгээр цэцэрлэгийн хамт олон өнөөдөр Өглөөний хүлээн авалт, дасгал хөдөлгөөнөөр эхэлж, багш нартай туршлага солилцох хэлэлцүүлэг өрнүүллээ.    

Хүний хамгийн үнэ цэнтэй зүйл бол эрүүл мэнд. Энэ утгаараа сургуулийн өмнөх насны боловсролын зарим байгууллага үйл ажиллагаагаа өглөөний хүлээн авалт, дасгал хөдөлгөөнөөр эхэлж, хүүхдүүдийн сайн сайхан байдал, эрүүл мэндийг дэмжиж, идэвхтэй дасгал хөдөлгөөн, тоглоомоор эрүүлжүүлэх гэх мэтээр хүүхэд өдрийг ая тухтай, хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх боломж бүрдүүлж байгааг мэргэжилтнүүд онцоллоо.  

 

Жаргалант сумын 11 дүгээр цэцэрлэг 24 багш ажилтантай. Энэ хичээлийн жилд  6 бүлэгт 180 гаруй хүүхдийг хүлээн авч,  сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.  

Өглөөний хүлээн авалт, дасгалын үйл ажиллагаанд Жаргалант сумын бусад цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш нар оролцсон. Улмаар 11 дүгээр цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн  хүүхдүүд “Дагаад хийгээрэй”, “Эрвээхий” сэдэвт дасгалыг багш нарынхаа удирдлага, зааварчилгааны дагуу амжилттай хийж гүйцэтгэлээ.

Тус цэцэрлэг энэ жилээс хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх чиглэлд мөн анхаарч ажиллаж байгаа тухай эрхлэгч Ц.Тулга хэллээ.


Холбоотой мэдээ