Олборлодог түлшний CO2-ын ялгарал түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-11-11 15:03:39

ШАРМ-ЭЛЬ-ШЕЙХ. /AFP/. Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болсон олборлодог түлшнээс гарах нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал /CO2/ 2022 онд нэг хувиар өсөж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрэх төлөвтэй байгаа талаар эрдэмтэд “COP27” бага хурлын үеэр мэдэгджээ.


Агаарын тээвэр эрчимтэй сэргэж байгаатай холбоотойгоор нефтиэс ялгарсан “CO2”-ын ялгарал өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хоёр гаруй хувиар өсөх хандлагатай байгаа бол 2014 онд дээд цэгтээ хүрсэн хэмээн зарим судлаачийн үзэж байгаа нүүрсний ийм ялгарал шинэ дээд үзүүлэлтэд хүрнэ.


“Нефтиэс ялгарах нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ ихсэж байгаа нь “COVID-19” цар тахлын дараах сэргэлттэй холбоотой бол нүүрс, хийн ялгарал нь Украинд өрнөж буй үйл явдлуудтай холбоотой” гэж Норвег дэх Олон улсын уур амьсгал судлалын төвийн судлаач Глен Питерс “AFP” агентлагт мэдээлжээ.


Мөн ойн хомсдол, газар ашиглалт зэрэг бүх эх үүсвэрээс гарах CO2-ын ялгарал 2019 онд бүртгэгдсэн дээд үзүүлэлтээ шинэчилж, 40.6 тэрбум тоннд хүрнэ гэдгийг 2022 оны төсөөлөл харуулсан байна. Улмаар одоо ийм ялгарлын хэмжээ Парисын гэрээг байгуулсан 2015 оны үеийнхээс даруй таван хувиар өссөн гэж судалгааг ахлан явуулсан Г.Питерс ярьжээ. 

Холбоотой мэдээ