Европт хамгийн дулаан 10 дугаар сар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-11-09 15:26:48

БРЮССЕЛЬ. /DW/. Европ тивд цаг уурын мэдээллийг эмхэтгэж эхэлснээс хойших хамгийн дулаан 10 дугаар сар бүртгэгдсэн талаар Европын Холбооны /ЕХ/ Коперникийн нэрэмжит Уур амьсгалын өөрчлөлт судлалын газраас мэдээллээ.


Тус байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн сард температур 1991-2020 оны дунджаас цельсийн 2 орчим хэмээр өндөр байжээ.


“Уур амьсгалын өөрчлөлтийн ноцтой үр дагавар өдгөө маш тодоор харагдах болж байна. Иймд “COP27” бага хурлаар Парисын гэрээгээр тохиролцсон дэлхийн температурын өсөлтийг цельсийн 1.5 хэмд тогтоон барих зорилтод хүрэхийн тулд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэж Коперникийн нэрэмжит Уур амьсгалын өөрчлөлт судлалын газрын дэд дарга Саманта Бержесс мэдэгджээ.


Өнгөрсөн сард ийнхүү дулаарснаар Европын баруун хэсгээр температур урьд бүртгэгдэж байгаагүй хэмд хүрч, Австри, Швейцар, Францад хамгийн дулаан 10 дугаар сар болж өнгөрчээ. Мөн Итали, Испанийн ихэнх нутгаар дулаарч, температурынх нь дээд үзүүлэлтүүд шинэчлэгдсэн байна.


Харин Австрали, Оросын Алс Дорнод, Антарктидын баруун хэсгээр дунджаас хүйтэн байжээ.


Уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалт Египетэд болж байна


Дэлхийн удирдагчид НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх бага хуралд оролцохоор Египетийн Шарм-эль-Шейх хотноо цуглаад буй үед дээрх тайланг танилцуулжээ.


Улс орнууд Парисын гэрээнд тусгасанчлан дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх түвшнээс цельсийн 1.5 хэмд тогтоон барихын тулд хорт хийн ялгарлыг бууруулах, олборлодог түлшнээс татгалзах сорилттой тулгарч байгаа юм.


Манай гараг 19 дүгээр зууны сүүлчээс хойш хэдийнээ цельсийн 1.1 хэмээр дулаараад байгаа бөгөөд энэхүү өсөлтийн тэн хагас орчим нь сүүлийн 30 жилийн хугацаанд бүртгэгджээ.


Эрдэмтдийн хэлж буйгаар, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хэт халах, мөсөн голууд хайлах, далайн түвшин нэмэгдэх, хүчтэй аадар бороо орох үзэгдлүүд улам ноцтой үр дагаврыг дагуулах хандлагатай байна.


COP27” дээд хэмжээний уулзалтын үеэр НҮБ-ын тэргүүн Антонио Гутерриш хэлэхдээ, улс орнууд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах зорилтоо биелүүлэх ёстой хэмээгээд, хүн төрөлхтөн хамтран ажиллах эс бөгөөс мөхөж сүйрэх гэсэн сонголттой нүүр тулаад байгааг анхааруулжээ. 

Холбоотой мэдээ