Япон аялал жуулчлалыг цар тахлын өмнөх түвшинд хүргэхийг зорино

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-11-08 10:01:53

ТОКИО. /Kyodo/. Япон улс аялал жуулчлалыг 2025 он гэхэд цар тахлын өмнөх түвшинд хүргэхийг зорино гэж тус улсын Аялал жуулчлалын агентлаг даваа гарагт мэдээлжээ.


Ерөнхий сайд Кишида Фүмиогийн Засгийн газар тус агентлагийн төлөвлөгөөг тодорхой арга хэмжээнүүдийг авч үзсэнийхээ дараа ирэх гуравдугаар сарын сүүлээр батлах төлөвтэй байна.


Дэлхий даяар коронавирусний цар тахал дэгдэхээс өмнө 2019 онд Япон түүхэндээ хамгийн олон буюу 31.88 сая жуулчин хүлээн авсан юм. Харин “COVID-19” тархсанаас хойш энэ үзүүлэлт огцом унаж, 2020 онд 4.12 саяд, 2021 онд 250 мянгад хүрч буурчээ.


Олон улсын агаарын тээврийн зорчигчдын тоо 2025 он гэхэд 2019 оны түвшинд хүрнэ гэсэн олон улсын байгууллагуудын төсөөлөлд тулгуурлан Японы Аялал жуулчлалын агентлаг аялал жуулчлалын салбар сэргэнэ гэж үзэж байна.


Японд 2025 онд “Expo 2025”, Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг олон улсын томоохон үйл ажиллагаанууд зохион байгуулагдах тул гадаадын жуулчдын тоо мөн нэмэгдэх төлөвтэй байна.


Засгийн газрын хувьд 2030 он гэхэд жилд 60 сая гадаадын жуулчин хүлээн авах зорилгоо хэвээр хадгалж байна. 

Холбоотой мэдээ