"Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль"-ийн хэрэгжилт 26 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-11-07 12:04:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль"-ийн хэрэгжилт, захиран зарцуулалт, орлого, зарлагын мэдээллийн талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ АТГ-тай хамтран газар, хэлтсийн удирдлага, 21 аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв.


Хуулийн хэрэгжилт 2021 оны байдлаар 26 хувьтай, хангалтгүй байгааг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Ц.Сэлэнгэ танилцууллаа. Сүүлийн 6 жилийн дунджаар хуулийн хэрэгжилт 35 хувьтай, жил бүр 16-20 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулж иржээ. Иймд АТГ, БОАЖЯ байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хүрээнд хяналт, шалгалт, түүнд холбогдох асуудлаар хамтран ажиллахаар болжээ.


2012 онд батлагдсан байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар, байгалийн нөөц ашигласны төлбөрийг ногдуулах, түнийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, тайлагнах, төлбөрийн орлогоос тухайн төсвийн жилд БОХНСАХ-нд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээг тогтоох, төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх, зөрчилд хариуцлага хүлээлгэх харилцааг зохицуулсан байдаг аж.


2016-2021 онд хийсэн хяналт шинжилгээний дүнг харахад, байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмын хэрэгжилт улсын хэмжээнд 26-44,7 хувьтай байна. Тодруулбал, 2016 онд 25.5 тэрбум төгрөгөөс 7.5 тэрбум, 2017 онд 31 тэрбум төгрөгөөс 13.8 тэрбум, 2018 онд 25.6 тэрбум төгрөгөөс 9.3 тэрбум, 2019 онд 28.5 тэрбум төгрөгөөс 12.3 тэрбум, 2020 онд 34.2 тэрбум төгрөгөөс 13.1 тэрбум, 2021 онд 46.9 тэрбум төгрөгөөс 12.2 тэрбум төгрөгийг байгаль хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулжээ.


Сүүлийн 6 жилд 123.5 тэрбум төгрөгийг зориулалт бусаар буюу байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаанд зарцуулсныг тус яам мэдээлэв. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул хуулийн хүрээнд холбогдох хариуцлагыг хөндөж, 2022 онд дээрх алдааг давтахгүй, хууль биелүүлэхийг БОАЖ-ын Б.Бат-Эрдэнэ холбогдох албаныхан, орон нутгийн удирдлагуудад санууллаа.


Түүнээс гадна энэ оны 11 дүгээр сарын 30-ний өдөр Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, түүний хэрэгжилт сэдвийн хүрээнд олон талт хэлэлцүүлэг зохион байгуулахаар боллоо.

 

Холбоотой мэдээ