СЭЛЭНГЭ: Биеийн тамир спортын ордныг стандартын шаардлагад нийцүүлэн засварлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-11-02 13:57:42

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр аймгийн Биеийн тамир спортын ордноо стандартын шаардлагад нийцүүлэн засварлав.

Биеийн тамир спортын ордон өмнө нь ердөө их засварт орж байгаагүй ажээ. Аймгийн БТСГ-аас өөрсдийн дотоод нөөц боломждоо тулгуурлан урсгал засвар хийсээр ирсэн. Мөн шалны хувьд стандартын бус байсан учраас тэмцээн уралдааны үед зарим тохиолдолд тамирчид бэртэх явдал гардаг байлаа. Иймээс энэ байдлыг халах үүднээс аймгийн ИТХ-ын баталсан шийдвэрээр тендер зарлаж энэхүү засварын ажлыг гүйцэтгэлээ. Энэ ажил аймгийн ОНХС-гийн 296 сая төгрөгөөр, “БЗД” компани хийж гүйцэтгэлээ хэмээн тус газрын дарга О.Батмөнх өгүүллээ.

Энэхүү засварын ажлаар олон улсын стандартад нийцсэн дулаанаа алдахгүй, дуу тусгаарлагч хавтангаар доторлосон хана. Мөн зөөлөвч резинэн суурьтай таван үе давхарга бүхий агч модон шалтай болсон байна. Ингэснээр Сэлэнгэ аймагт анхны олон улсын стандартад нийцсэн спортын ордон бий болж байгаа аж.

Энэхүү засварын ажлын гүйцэтгэлийн үйл ажиллагаатай танилцах үеэр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж орчин үеийн шаардлагад нийцсэн стандарт сагсан бөмбөгийн шийдний асуудлыг шийдэж өгөхөө амаллаа.

Тус ордон энэ сарын 3-наас эхлэн заалны өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах аж.

Холбоотой мэдээ