ДУНДГОВЬ: Гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит XX удаагийн олимпиадад 438 сурагч оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-31 17:58:19
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит математикийн нээлттэй 20 дахь удаагийн олимпиадыг Мандалговь хотноо зохион байгуулав.

Үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, ЗДТГ-ын дарга, Н.Өлзийн нэрэмжит “Цэгч билиг” сургуулийн анхны төгсөгч Л.Доржбат, “Оюунлаг” сургуулийн захирал Д.Батсайхан, “Өлзий багш сан”-ийн  захирал Д.Түвдэн, багш Ж.Эрдэнэчимэг, Монгол Улсын гавьяат багш Н.Өлзий агсны гэргий Ч.Долгоржав, үе үеийн математикийн шилдэг багш нар уригдан ирж оролцсон бөгөөд олимпиадын ерөнхий шүүгчээр МУБИС-ийн багш, доктор Ц.Нямдаваа, МУБИС-ийн багш, доктор Л.Буянтогтох, шүүгчээр математикч Б.Сүхбат, Э.Анхцоож нар ажиллажээ.

Тус олимпиадад Улаанбаатар хотын 9 дүүрэг, Эрдэнэт хот, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгийн 23 сургуулийн 438 сурагч, математикийн 38 багш оролцож, оюун ухаан, уран бодолт, ур чадвараа сорин өрсөлдлөө.

Олимпиадын төрөл тус бүрд I,II,III дугаар байрын эзнийг тодруулж, “Үнэмлэхүй аварга”-ыг шалгаруулж, түүнчлэн “Нэрэмжит бодлогын эзэн” 39 сурагчийг шагнаж урамшуулсан бөгөөд багийн дүнгээр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн “Орчлон” сургууль түрүүлж, “Алтан цом”-ын эзэн болжээ.

Дунд ангийн багш нарын төрөлд Улаанбаатар хотын “Орчлон” сургуулийн математикийн багш М.Батбилэг түрүүлж, Улаанбаатар хотын 31 дүгээр сургуулийн математикийн багш Ө.Бат-Орших, Дундговь аймгийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай "Цэгц билиг" сургуулийн математикийн багш Ц.Ганхуяг нар удаалжээ.

Бага ангийн багш нарын төрөлд Дундговь аймгийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай "Цэгц билиг" сургуулийн сургалтын менежер Ж.Баяртогтох түрүүлж, удаах байрт Өмнөговь аймгийн 1 дүгээр сургуулийн математикийн багш С.Сарангэрэл, Улаанбаатар хотын “Гурван тамир” сургуулийн математикийн багш Б.Банзрагч нар тус тус шалгарчээ.

Энэ үеэр өмнөх жилүүдэд зохион байгуулсан XIV-XIX олимпиадын бодлогын цуврал номыг хэвлүүлж, "Шинэ ном"-ын нээлт зохион байгууллаа.

Түүнчлэн “Өлзий багш сан”-ийн 2021-2022 оны “Өлзийт сурагч” тэтгэлгийн эзнээр шалгарсан Дундговь аймгийн "Цэгц билиг" сургуулийн 12 дугаар ангийн төгсөгч Б.Дэжидэд тус сангийн нэрэмжит тэмдэг, өргөмжлөл, 1,000,000 төгрөгийн тэтгэлгийг гардуулсан юм. 

Холбоотой мэдээ