ДУНДГОВЬ: Зудын эрсдэлийг бууруулах төслийн судалгааны баг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-27 15:50:09
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Зудын эрсдэлийг бууруулах (цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох) арга хэмжээ болон зудыг тэсвэрлэх чадавхыг бүрэлдүүлэх төслийн мэдээлэл цуглуулах судалгааны ажил өнөөдөр Дундговь аймагт эхэллээ.

Судалгааны ажлыг “Ориэнтал консалтанс глобал” ХК гүйцэтгэж байгаа ба тус компанийн төслийн менежер Ё.Ота, төслийн ажилтан И.Такатори нар өнөөдөр аймгийн ОБГ, УЦУОШТ, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай уулзаж, мэдээлэл солилцов.

Энэхүү судалгааг Монгол Улсад зудын хор уршгийн талаарх нөхцөл байдлыг тодорхойлж, тулгамдаж буй асуудалд шинжилгээ хийх, зудаас урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн төсөл боловсруулах зорилгоор Дундговь, Говь-Алтай аймагт хэрэгжүүлж байгаа юм.

Судалгааны ажлыг 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл гүйцэтгэх ба түүний хүрээнд тус аймаг дахь зудын эрсдэлийн мэдээ, түүний нарийвчлал, мэдээлэл хүлээн авах болон илгээх хэрэгсэл, зудын урьдчилсан мэдээг хүлээн авч хэрэгжүүлдэг гамшгаас хамгаалах арга хэмжээ, Засгийн газар болон орон нутгийн засаг захиргаанаас малчдад үзүүлдэг дэмжлэг болон малчдын МАА-н өнөөгийн байдал ба тулгамдаж буй асуудал зэрэг олон талт асуудлын хүрээнд нөхцөл байдлыг тодорхойлох аж.

Түүнчлэн зудаас шалтгаалж бөөнөөр нь мах бэлтгэх, махны үнэ унах, мах бэлтгэл болон тээвэрлэлтийн чанараас шалтгаалж үнэ буурах зэрэг асуудал үүсэхэд нарны эрчим хүч ашигласан махны хөргүүрийн систем нэвтрүүлэх боломж, нөхцөл байдал, тулгарч буй асуудал, үр дүн, тогтвортой байдлыг тодорхойлох ба хүнсний аюулгүй байдлыг хангасан малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл ба нийлүүлэлтийг сайжруулах боломжийг судлахаар төлөвлөжээ.  

Холбоотой мэдээ