БАЯН-ӨЛГИЙ: Аялал жуулчлалын үйл ажиллагаануудын тоог нэмэгдүүлэхийг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-10-25 10:14:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Соёл, урлагийн газраас “Аялал жуулчлалын хөгжилд соёлын байгууллагуудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг Өлгий хотод энэ сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүнтэй холбоотой аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд болон соёлын салбарын байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах, харилцаа холбоог уялдуулах зорилгоор дээрх хэлэлцүүлгийг хийсэн байна.


Хэлэлцүүлгийн үеэр аймгийн Засаг дарга Д.Бауыржан, ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Анар, Соёл, урлагийн газрын дарга К.Бекжан нар аялал жуулчлалыг хөгжүүлэхэд аймгийн соёлын байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, баримтлах бодлого, төлөвлөгөө, дэмжлэгүүдийн талаар мэдээлэл өглөө.


Мөн Монгол Алтайн хадны цогцолборын хамгаалалтын захиргааны дарга, доктор Б.Өмирбек “Дэлхийн өвийн дурсгалт газруудаар аялах аяллын маршрут”, орон нутаг судлах Музейн захирал А.Айшагүл “Аялал жуулчлалын салбарт Музейн гүйцэтгэх үүрэг”, Хөгжимт драмын театрын дарга Ж.Сайгүлик “Соёл урлаг ба аялал жуулчлал” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.


Хэлэлцүүлгийн төгсөлд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд өөрсдийн санал, хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал:  

-Нисэх буудлаас ирэх зам дагуу байрлах “Домбор”-ын хөшөөний орчныг зочдыг угтах, үдэх орон зай болгож тохижуулах;

-Зам дагуу байрлалтай хувийн хэвшлүүдийн орчны тохижилт, хаягжилтыг сайжруулах шаардлага тавих;

-Нисэх буудлаас ирэх, буцах зам дагуу өв соёлыг илэрхийлсэн хөшөө дурсгал босгох;

-Цагааннуурын боомтын ажиллах цагийг уртасгах;

-Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өв соёлын утга агуулга бүхий аялал жуулчлалын үйл ажиллагаануудын тоог нэмэгдүүлэхийг зөвлөлөө. 

Холбоотой мэдээ