БАЯН-ӨЛГИЙ: Газрын харилцааны 9 төрлийн үйлчилгээг цахим машинаас авах боломж бүрдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-10-17 11:06:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь “Газрын харилцааны талаарх бүх төрлийн мэдээлэл, үйлчилгээ авах цахим машин”-ыг үйлчилгээндээ нэвтрүүллээ.


Цахим машины үйл ажиллагааны нээлтэд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат, "Эрхэт инновац" компанийн захирал Б.Галмандах болон орон нутгийн иргэд оролцлоо. 


“Газрын харилцааны талаарх бүх төрлийн мэдээлэл, үйлчилгээ авах цахим машин”-ыг үйл ажиллагаанд нэвтрүүлснээр нь иргэд өмнө нь 6-10 гарын үсэг дамждаг байсан газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, газрын барьцаа,  төлбөрийн мэдээлэл зэрэг нийтдээ 9 төрлийн үйлчилгээг нэг дороос 1 минутын дотор авах юм.


Мөн интернэт ашиглах боломжгүй байгаа орон нутгийн иргэд QR кодоор баталгаажсан газрын гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлт болон бусад баримт бичгийг үнэ төлбөргүй хэвлэн авах боломж бүрдэж байна.


"Газрын харилцааны талаарх бүх төрлийн мэдээлэл, үйлчилгээ авах цахим машиныг аймгуудын дунд анх удаагаа үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. Манай байгууллагаас 19 сая төгрөг шийдвэрлэж "Эрхэт инновац" компанид захиалга өгч хөгжүүлэлт хийлгэсэн.

Тус машин нь одоогоор өмнө нь үнэт цаасанд хэвлэдэг байсан 3 төрлийн үйлчилгээ, мөн 6 төрлийн лавлагааг олгож эхлээд байгаа. Цаашдаа машинаа улам хөгжүүлж 18 төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүлдэг болгохыг зорьж байна. Тухайлбал, ирээдүйд иргэд газраа бусдад шилжүүлэх ажлыг цахим машиныг ашиглан өөрөө хийдэг болох юм. Санхүүжилтийн асуудал шийдэгдвэл хөдөөгийн сумдад ч цахим машиныг суурилуулах боломжтой" гэдгийг аймгийн ГХБХБ-ын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга Ж.Естай онцоллоо. 


Холбоотой мэдээ