БАЯН-ӨЛГИЙ: Бэлтгэсэн хадлан төлөвлөсөн хэмжээнээс 9,3 мянган тонноор бага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-10-11 15:49:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд энэ намар малчдын түвшинд 62,6 мянган тонн хадлан бэлтгэхээр төлөвлөсөн.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээр хадлан тэжээл бэлтгэх ажил төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй байна. Тодруулж хэлбэл, тус аймгийн иргэд 54,5 мянган тонн өвс бэлтгэн нөөцөлжээ. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 9,3 мянган тонноор буурсан үзүүлэлт юм.

Малчдын түвшинд бэлтгэх хадлангийн хэмжээ буурсан нь Баян-Өлгий аймгийн нутгаар зун гандуу, хадлангийн гарц муу байсантай холбоотой хэмээн албаны хүн хэлэв.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 277 дугаар тогтоолоор сум бүр 50 тонн өвс, 30 тонн тэжээл, аймаг 100 тонн өвс, 35 тонн тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ёстой. Үүнээс шаардлагатай өвсний 31, тэжээлийн 30 хувийг бэлэн болгоод байгаа ажээ.


“Аюулгүйн нөөцийн өвсийг бусад аймгаас татан авах ажлыг зохион байгуулж байгаа. Мөн сумдын аюулгүйн нөөцөд өвс 50 тн, тэжээл 30 тн-оос доошгүй бэлтгэх, иргэд малчид нэмэлт өвс тэжээл бэлтгэх, бэлчээрийн даац хэтэрсэн сумдын малын тоог бууруулах, зах зээлийн эргэлтэд оруулах зэрэг ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, сумдын удирдлагуудад үүрэг болгон ажиллаж байгаа” гэсэн мэдээллийг аймгийн Засаг дарга Д.Бауыржан өглөө. 


Холбоотой мэдээ