БАЯН-ӨЛГИЙ: Гурилын үнэ 33 хувиар нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-10-10 17:05:46

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнгөрсөн 7 хоногоос гол нэр төрлийн барааны нэг гурилын үнэ 30 гаруй хувиар нэмэгдэв.

Тодруулж хэлбэл, өнгөрсөн сарын 27-ны өдрийн байдлаар тус аймагт І зэргийн 1 кг гурилын үнэ 1460 төгрөгөөр худалдаж байсан. Харин өнөөдрийн байдлаар 1 кг гурилын дундаж үнэ 1950 төгрөгт хүрэв.

Одоо Өлгий хотын жижиглэнгийн худалдаа эрхлэгчид нэг уут /50 кг/ нэгдүгээр зэргийн "Улаанбаатар" гурилыг 100 мянга, "Ургац" гурилыг 95 мянган төгрөгөөр тус тус худалдж байна. Энэ нь өнгөрсөн сартай харьцуулахад ойролцоогоор 33  хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.


"Орон нутагт гурилын үнэ өсөхөд Улаанбаатар хотод үнэ нэмэгдсэн нь нөлөөлж байна. Бөөний худалдаа эрхлэгчид 50 кг гурилыг хотоос 80 мянган төгрөгөөр авдаг ба тээврийн зардал нэмэгдээд орон нутагт 88 мянган төгрөгөөр ирнэ. Тэд бидэнд 92-93 мянган төгрөгөөр бөөнддөг. Бид 2-3 мянган төгрөг нэмж ард иргэдэд борлуулж байна" хэмээн гурилын жижиглэнгийн худалдаа эрхлэгчид хэлэв. 


Холбоотой мэдээ