М.Батбаяр: Музейн барилгыг Монголын уран барилгачид өөрсдөө барьж байгуулсан
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Чингис хаан” музей үйлчлүүлэгчдээ маргаашаас хүлээн авна.
Музейн барилгын архитекторын талаар Соёлын дэд сайд М.Батбаяр
мэдээлэхдээ, "Музей бол аливаа улс үндэстнүүдийн, ард түмний түүх, соёлын
өвийг хадгалан хамгаалах, бүртгэн баримтжуулах, судлан сурталчлах зориулалтай
учраас олон улс орон музейг барьж байгуулдаг. Түүн дотроо сан хөмрөгийн
бүрдүүлэлтийн бодлого, хадгалалт хамгаалалтын олон улсын стандарт, үйл
ажиллагааны чиглэл нь төрийн онцгой анхаарал дор бий болж, бүрэлдэн тогтдог.
Музей хүний хөгжлийн цогц орон зайг бүрдүүлдэг гэдгийг юуны түрүүнд хэлмээр байна.
“Чингис хаан” хаад, язгууртны музейг барьж байгуулах шийдвэр гурван жилийн өмнө гарч,
цар тахлын амаргүй нөхцөл байдалд 1.6 жилийн дотор музейн барилгыг барьж, 2021
оны 9-р сарын 20-ны өдөр барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан. Түүнээс хойш
үзүүллэг дэглэлтийн ажил өрнөсөөр өдгөө дуусаж байна.
Барилгын тухайд улсын төв цэгт байрладаг, 20500 ам дөрвөлжин метр талбайтай, 9 давхар музейн зориулалттай барилга.
Барилгын нийт талбайн 40 хувийг үзүүллэгийн талбай эзэлж байгаа. 3-9 давхар хүртэл үзүүллэг болон сан хөмрөгийн талбайтай. Сан хөмрөг гэдэг нэн чухал учраас гал унтраах систем нь агаарыг вакумжуулах зэргээр үзмэр, эд өлгийн зүйлд ямар нэг гэмтэл учруулахгүй орчин үеийн системээр тоноглосон зэрэг олон давуу талтай барилга болсон.
Мөн нэг онцлог нь энэ барилгыг манай улсын мэргэжилтнүүд,
Монголын уран барилгачид өөрсдөө барьж байгуулсан. Тухайлбал, нэрт архитектор
Д.Балдан барилгын зураг төсөл дээр ажилласан. Барилга угсралтыг ч дотоодын
мэргэжилтнүүд гүйцэтгэсэн. Барилгын дээд давхарт Их эзэн Чингис хааны
хүндэтгэлийн танхим бий. Тэр танхимд 7 метр өндөртэй Чингис хааны алтадмал баримал бий болох
юм. 28 метрийн диаметртэй, дундаа баганагүй том орон зайг бий болгож байгаа нь
Монгол Улсад барилгын шинэ технологи нэвтэрч, бид өөрсдөө барьж байгуулж чадаж
байгаагийн жишээ гэж хэлж болно.
Музейн барилгыг урлагийн бүтээлээр чимэглэсэн байгаа.
1950-иад оноос хойш Сүхбаатарын талбай тойрсон барилгуудыг аль болох үндэсний
хээ хуараар чимэглэх ажил хийж байсан бол сүүлийн 30 жил уран бүтээлчдийг уран
барилгын чиглэлийн ажилд оролцуулж байгаа. Үүний нэг жишээ нь “Чингис хаан”
хаад, язгууртны музей болох
юм. 200 гаруй уран бүтээлч 5 багц ажлыг хийсэн. Жишээ нь, музейн хаалга
дангаараа цогц урлагийн бүтээл болж байгаа. Эртний хаад язгууртнуудын түүхийг
илэрхийлсэн дүрслэх урлагийн бүтээл, уран дарханы хийцийн бүтээлүүд шигтгэсэн.
Монгол угсаатны овог, аймгуудын 748 тамгыг барилгын 2 талд байрлуулсан.
Энэ барилга бол Монголын уран барилгын түүхэнд, үндэстнүүдийн хамтаараа бий болгосон том хэмжээний бүтээн байгуулалт болсон.
Музей гэдэг соёлын өвийг хадгалан хамгаалах, үзүүлэхээс
гадна боловсрол олгох, харилцаа холбоо үүсгэх, судлах зэрэг орон зайг бүрдүүлж
байдаг. Монгол Улсын музейн салбар 100 гаруй жилийн түүхтэй ч бид өнгөрсөн
хугацаанд “Чингис хаан” хаад язгууртны музей шиг стандартад нийцсэн музейтэй
байгаагүй” гэв.