“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөлчийг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-05 13:26:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэл хотод 2023 оны наймдугаар сард Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгчөөр волейболын спортын олон улсын шүүгч Х.Номинзулыг томиллоо.


Монголд анх удаа зохион байгуулах “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын “Элч төлөөлөгч”-ийн батламжийг Х.Номинзулд тус наадмыг Зохион байгуулах хороо ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар өнөөдөр гардуулав.

 

Х.Номинзул нь сүүлийн жилүүдэд спорт эвент зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр дагнан ажиллаж буй мэдлэг чадвартай залуу боловсон хүчин юм. Тэрбээр 2017-2018 онд Сөүлийн их сургуулийг спортын менежментийн магистраар дүүргэсэн бөгөөд 2021 оноос Швейцарын Лозанн хотноо Спортын шинжлэх ухаан, технологийн академид Спортын удирдлага, технологийн магистраар суралцаж байна.

 

Суралцах хугацаандаа Олон улсын сагсан бөмбөгийн холбооны World Tour, Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны Алмазан лигийн тэмцээнүүд, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн боловсролын хөтөлбөр, Volleyball World телевизийн шууд дамжуулалтын төсөл болон Сургуулиудын спорт холбооны Манлайлагч охид төсөл зэрэг олон арга хэмжээ, уралдаан тэмцээнд ажиллаж, туршлага хуримтлуулжээ.

 

Энэхүү батламж гардуулах ёслолын үеэр Х.Номинзул: “Наадмын элч төлөөлөгчөөр сонгогдоно гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Зүүн Азийн залуучуудын наадам бол Монголын спортын хөгжлийг хурдасгах маш том арга хэмжээ, хамгийн том мега төсөл. Энэхүү наадмын зохион байгуулалтын ажилд өөрийн бүх нөөц, бололцоог дайчлан зүтгэх болно” гэлээ.

 

Зүүн Азийн залуучуудын наадам 2023 оны 8 дугаар сарын 16-23-ны өдрүүдэд явагдах бөгөөд есөн орны 1500 гаруй тамирчин спортын 12 төрөлд өрсөлдөх юм.





Холбоотой мэдээ