ХӨВСГӨЛ: Уушигийн өврийн буган хөшөөний цогцолборыг сэргээн засварлав

ОРОН НУТАГТ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-10-05 10:16:07

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Уушигийн өврийн Буган чулуун хөшөө бүхий цогцолбор дурсгалт газрыг Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв хамтран сэргээн засварлаж, Монголын хамгийн тод дүрслэлтэй буган хөшөөний орой хэсгийг бэхлэх ажлыг хийсэн байна.


Тус багт Соёлын өвийн үндэсний төвийн авран хамгаалах, эрсдэлийн судалгааны газрын дарга Г.Анхсанаа, Түүх соёлын үл хөдлөх дурсгалын эрсдэлийн шинжээч Ж.Цамбагарав, Чулуун дурсгалын сэргээн засварлагч С.Даваадарь, Жолооч Ж.Молом нар ажиллажээ.


Монгол Улс буган чулууны соёлыг дэлхийн өвд бүртгүүлэхээр 2014 онд Дэлхийн Өвийн хороонд нэр дэвшүүлж, тухайн жилдээ “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд” нэрээр ЮНЕСКО-гийн Дэлхийн Өвийн конвенцын урьдчилсан жагсаалтад багтсан байдаг.

 

Мөрөн хотоос баруун зүгт 18 км зайд Бүрэнтогтох сумын нутаг Улаан уушиг уулын өвөрт буган хөшөө болон хиргисүүрийн тахилгын байгууламжийн томоохон цогцолбор орших бөгөөд нэг дор 30 орчим буган хөшөө бий. Эдгээр хөшөө нь хойноосоо урагш цуварсан байрлалтай ба тэдгээрийн эргэн тойронд битүү болон цагариган хэлбэрийн чулуун дарааст олон тахилгын байгууламжуудтай. Энэхүү дурсгал нь Евразийн буган чулуун хөшөөт цогцолбор дурсгалуудын хамгийн олон хөшөөтэй нь бөгөөд хиргисүүр, буган хөшөөний соёлыг тээгч эртний ард түмний судалгаанд онцгой байр суурийг эзэлдэг. Эндхийн буган хөшөөд Монгол-Өвөр Байгалийн хэлбэр буюу бугын загварчилсан дүрст хөшөөний төрөлд хамаарна.


Хөшөөнүүдийн хамгийн намхан нь 133 см, хамгийн өндөр нь 375 см хэмжээтэй, цайвар саарал, улаан хүрэн, хөх саарал өнгийн боржингоор хийжээ. Хөшөөний сийлбэр харилцан адилгүй хадгалагдсан. Эдгээр хөшөөнүүдийн дотроос хүний нүүр дүрсэлсэн хөшөө хамгийн онцгой нь юм. Уг хөшөөний нэг нарийн талын дээд хэсэгт хүний нүүр, нүд, хөмсөг, хамар, ам, чих зэргийг уран нарийн сийлж, чихэнд нь ээмэг зүүснээр дүрсэлжээ. Хүний нүүрний доод талд хүзүүний зүүлт, түүний доор том жижиг 14 бугыг хөшөөг эргэн ороосон байдалтайгаар дүрслэхдээ тэдний завсар зайнд таван талт хэлбэртэй бамбай, толь зэргийг багтааж, харин бүсний доод талд 14 бугыг дээшээ тэнгэр өөд тэмүүлсэн байдалтайгаар сийлжээ. Бүс нь ханан хээ чимэглэлтэй бөгөөд түүнээс байлдааны зээтүү, чичлүүр хутга, дэгээ, билүү, саадаг зэргийг зүүснээр сийлсэн байдаг ажээ.

 

 

Холбоотой мэдээ