ДУНДГОВЬ: "Энх мэндийн баяр" улсын уралдаанд 8 аймгийн 60 гаруй авьяастан оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-03 17:26:00
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гавьяат жүжигчин Жамьянгийн Дүнжмаагийн нэрэмжит “Энх мэндийн баяр” уртын дуучдын улсын уралдааныг Мандалговь хотноо зохион байгуулж, Улаанбаатар болон 8 аймгийн 60 гаруй ардын авьяастан, хүүхдүүд оролцлоо.


Тус уралдааныг Соёлын яам, аймгийн ЗДТГ, СУГ, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр, Өлзийт сумын ЗДТГ хамтран зохион байгуулж, Улаанбаатар, Баянхонгор, Өвөрхангай, Завхан,Төв, Увс, Архангай, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь аймгийн авьяастнууд оролцож, тэдний  хамгийн ахмад нь 80 настай Сайнцагаан сумын оролцогч А.Таяа байлаа. 


Уралдааны ерөнхий шүүгчээр Ардын жүжигчин А.Дашдэлжээ, шүүгчээр Ардын жүжигчин А.Нэргүй, гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг, С.Цогтсайхан, Дундговь аймгийн Соёл урлагийн газрын дарга Соёлын тэргүүний ажилтан Х.Цогзолмаа нар ажилласан юм.


“Энх мэндийн баяр” улсын уралдаан хоёр дахь жилдээ ийнхүү зохион байгууллаа. Анхны уралдаан 2019 онд болж, 7 аймаг оролцож байсан бол энэ жил Завхан, Увс, Төв аймгаас уртын дуучид анх удаа иржээ.  


Уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, шилдэг уртын дуучдыг шалгаруулахад Гран при шагналын эзнээр "Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн сурагч П.Цэрмаа “хүүхэд насны” төрөлд, Адаацаг сумын оролцогч Ц.Эрдэнэбаяр “Ардын авьяастан“ төрөлд тус тус шалгарлаа.


5-9 насны ангилалд "Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн сурагч М.Цэрэнханд түрүүлж, Улаанбаатарын оролцогч Э.Тэгшбаяр, Б.Нарансолонго нар удаалж, А.Аргабилэг Тусгай байр эзэлсэн бол 10-12 насны ангилалд Улаанбаатараас оролцогч Ц.Анужин түрүүлж, Говьсүмбэр аймгийн оролцогч Т.Энхмаа, Дундговь аймгийн Өлзийт сумын оролцогч У.Мандахбаяр нар удаалж, Тусгай байрын эзнээр "Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн сурагч Э.Мягмарсүрэн тодорчээ. 


“Ардын авъяастан” төрөлд СУИС-ийн оюутан Г.Минжинсор түрүүлж, удаах байруудад Баянхонгор аймгийн оролцогч А.Дуламсүрэн, СУИС-ийн оюутан Ц.Цэрэннадмид, Увс аймгийн оролцогч Б.Пүрэвтогтох нар шалгарсан байна.


Соёлын өв болсон уртын дууг залуучууд, хүүхдүүдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх үйлд өөрийн хүч хөдөлмөр сэтгэл зүрхээ зориулж яваа гавьяат жүжигчин Ж.Дүнжмаа нь өөрийн амьдрал уран бүтээлийн "Уртын дуу миний амьдрал" номын нээлтийг энэ үеэр хийж,  өөрийн нэрэмжит шагналыг Шилдэг уртын дуучин нэг хүнд гардуулжээ.


Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Дүнжмаагийн нэрэмжит шагналаар Өлзийт сумын оролцогч Ч.Чулуунцэцэг, Уртын дууны холбооны шагналаар СУИС-ийн оюутан А.Долгорсүрэн, Т.Бямбацэнд нар, Шүүгчийн нэрэмжит шагналаар Улаанбаатараас оролцсон Ц.Мөнхбаяр, “Дундговь-Урлаг сан”-гийн шагналаар Сайнцагаан сумын оролцогч А.Таяа, Баянхонгор аймгийн оролцогч Г.Тамир, Улаанбаатараас оролцсон Х.Алтанхуяг нар шагнуулжээ.            


Энэ үеэр тус тэмцээнийг шүүн оролцсон Дундговийн харьяат Ардын жүжигчин А.Дашпэлжээ, А.Нэргүй,  Гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг, С.Цогтсайхан нар тайзан дээр Гавьяат жүжигчин Ж.Дүнжмаатай хамтран ая дуугаа өргөсөн нь энэ уралдааныг чимсэн юм. 



Холбоотой мэдээ