СЭЛЭНГЭ: “Ахмадын захиас” дурсамж уулзалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-01 16:19:54

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргын санаачилгаар “Ахмадын захиас” дурсамж уулзалт аймгийн төв Сүхбаатар суманд боллоо. Монгол Улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ой, Олон улсын “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан энэхүү уулзалтыг зохион байгуулав.   

 

Дурсамж уулзалтад Сүхбаатар сумын 8 багийн төлөөлөл 40 ахмад настан оролцож, аймгийн удирдлагад өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлэн, захиас сургаалаа хайрласан байна.

 

Уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа ахмадуудад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын мэдээлэл, аймгийн голлох томоохон салбаруудын ажил байдлын талаар танилцуулсан байна. Мөн тэрээр төрөөс ахмад настны талаар баримталж буй бодлого, хөтөлбөр орон нутгийн түвшинд хэрхэн хэрэгжиж байгаа талаар ярилцжээ.  

 

Түүнчлэн Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Г.Амарбаясгалан, сумын Засаг даргын орлогч Ц.Пүрэвдорж нар Сүхбаатар суманд хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар ахмадууддаа мэдээлэл өгчээ.

 

Уулзалтын үеэр зарим ахмад настныг шагнаж урамшуулав. Тодруулбал, 2-р багийн ахмад настан А.Наранцэцэг “Алтан гадас одон”-оор, 2-р багийн ахмад настан Б.Дүгэрсүрэн, 4-р багийн ахмад настан Ч.Зундуй нар Сэлэнгэ аймгийн “Хүндэт өргөмжлөл”-өөр, 1-р багийн ахмад настан О.Норсон, 7-р багийн ахмад настан З.Чанцалдулам, 8-р багийн ахмад настан Ш.Цогтсайхан, 6-р багийн ахмад настан Б.Лхагвасүрэн нарыг аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр тус тус шагнаж урамшуулжээ.

 

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа: ”Бид энэхүү үйл ажиллагаагаа ахмад настнаас үг дуулж, санал хүсэлтийг нь сонсон, тэдний захиас даалгаврыг аймаг орон нутгийн цаашдын хөгжилд анхааран хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулсан” хэмээн онцолсон юм.  



Холбоотой мэдээ