ХОВД: Жаргалант сумын ахмадууд санал бодлоо илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-09-30 19:07:37

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн хэмжээнд 2022 оны байдлаар 8195 ахмад настан байна. Насны хувьд авч үзвэл 55-64 насны 5770,  90-ээс дээш настай 78 иргэн аж төрж байна.    

 

Монгол Улс 1992 оноос эхлэн Ахмадын баярын өдрийг тэмдэглэж буй. НҮБ-аас анх 1990 онд ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэр гаргаснаар дэлхийн олон орон жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдөр ахмад настнуудаа баярлуулах, хүндлэх, эрх ашгийг нь хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах болжээ.      


Ахмадын өдөр”-ийг угтаж Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа өнөөдөр Жаргалант сумын ахмадуудтай уулзалт хийж, тэдний санал бодлыг сонслоо.   
 

Энэ үеэр “Хашаандаа сайхан амьдаръя” төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх,  ахмад настны эрүүл мэнд, амьдралын чанар, нийгмийн асуудалд анхаарал хандуулах, шинээр барьж буй орон сууц, барилга байгууламжийн ажилд хяналтыг сайжруулах, дулааны шугам сүлжээний доголдлыг арилгах, барилгын ажилтнуудын ажиллах нөхцөлийг харгалзан үзэх, тэтгэвэр тэтгэмжийн хувийг нэмэгдүүлэх гэх мэт саналыг ахмадууд хэллээ. 

Мөн дулааны станцын утаа, хөө тортгийг бууруулах, хог хаягдлыг ил задгай хаяхаас сэргийлэх, хүүхэд, залуу үеийнхнийг соён гэгээрүүлэх, төрийн албан хаагчдын харилцаа, хандлагыг сайжруулах, авто угаалгын газрын ажиллах цагийн хуваарийг тогтоох, бага насны хүүхдийг нохойд бариулахаас сэргийлэх үүднээс гудамжны эзэнгүй нохойг устгах, сургуулийн орчны бүсэд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүрт архи, согтууруулах ундаа зарахыг хязгаарлах, эмнэлгийн үйлчилгээ авах төлбөр хураамж, эмийн үнийг бууруулах чиглэлд бодлого хэрэгжүүлэх, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих зэрэг олон санал, хүсэлтийг ахмадууд илэрхийллээ.

Ховд аймаг цаашид Ахмадын өдөр буюу жил бүрийн 10 дугаар сарын 1-нд ахмадуудын дунд уулзалт зохион байгуулж, санал бодлыг нь сонсож, зарим асуудлыг шийдвэрлэж хэвших аж.    

Холбоотой мэдээ