Төрийн банк IPO гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
boloroo8136@gmail.com
2022-09-30 13:20:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Төрийн банк” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол өнөөдөр боллоо.

 

Ёслолд Сангийн сайд Б.Жавхлан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, дэд дарга Т.Цэрэнбадрал, “Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Гантөр болон холбогдох бусад хүмүүс оролцов.

 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан ёслолыг нээж хэлэхдээ, “УИХ-аас баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд СЗХ-ноос хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын орчинг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын цогц арга хэмжээг үе шаттай, цаг тухай бүрт нь авч хэрэгжүүлсний сацуу банкны салбарын реформтой холбоотой зохицуулалтын орчныг бүрдүүлэх, санхүүгийн зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгох замаар санхүүжилтийн зардлыг бууруулах арга хэмжээг авсны үр дүнд хөрөнгийн зах зээлд сүүлийн жилүүдэд томоохон ахиц дэвшлүүд гарч байгааг энд онцлох нь зүйтэй.

 

УИХ-аас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2021 онд баталсан нь арилжааны банкуудад зохистой засаглалыг бий болгох, олон нийтийн хяналттай, нээлттэй, ил тод банкны салбарыг бүрдүүлэхэд томоохон түлхэц болох төдийгүй зөвхөн банкны салбар бус нийт санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах нэн ялангуяа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой шийдвэр болсон. Банкны реформыг хэрэгжүүлснээр банкны үйл ажиллагаа ил тод, нээлттэй болж, хяналтын тогтолцоо илүү боловсронгуй болох, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөж, чанартай, хөрвөх чадвар өндөр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо нэмэгдэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо сайжрах, банкуудад урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр бий болохоос гадна олон тулгуурт санхүүгийн тогтолцоог бий болгоход чухал алхам болох юм.

Энэ ч утгаараа СЗХ-ноос банкууд хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулагдаж, олон нийтэд хувьцаагаа санал болгох ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай чиглэл, зөвлөгөө, мэдээллийг өгч, амжилттай зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэхэд түлхүү анхаарч ажиллалаа. Үүний үр дүнд өнөөдөр “Төрийн банк” ХХК банкны салбарын реформын хүрээнд банкны системд нөлөө бүхий банкуудаас нээлттэй хувьцаат компани болох ажлыг түүчээлж, нөгөөтээгүүр УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн болон орон нутгийн өмчийг олон нийтийн болгох ажлыг бодитоор хэрэгжүүлэх алхмыг хийж буйгаараа ихээхэн онцлогтойн зэрэгцээ түүнийг дагаад олон нийтийн хүлээлтээс эхлээд үүрэг, хариуцлага маш ихээр нэмэгдэж байгааг сануулъя. Эцэст нь “Төрийн банк” ХХК-д баяр хүргэж, анхдагч зах зээлийн арилжаанд нь амжилт хүсье” гэв.

 

Тус банк нийт хувьцааныхаа 20 хүртэл хувийг олон нийтэд гаргахаас эхний ээлжинд 5 хувь буюу 37,475,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 590 төгрөгөөр нийтэд санал болгох замаар нийт 22.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

 

Холбоотой мэдээ