МОНЦАМЭ агентлаг, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-09-30 12:46:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МОНЦАМЭ агентлаг, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаа МУИС-ийн хичээлийн II байранд өнөөдөр боллоо.

Санамж бичигт МОНЦАМЭ агентлагийн дарга Г.Амартүвшин, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар нар гарын үсэг зурав.

Энэхүү санамж бичиг нь талуудын хөгжил дэвшилд шаардлагатай хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, шинэ технологи, инновацын хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, оюутан дадлагажуулах, ажиллуулах, хүний нөөцийн залгамж холбоог бий болгох чиглэлд төрийн болон эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Санамж бичигт тусгаснаар талууд

-Хамтарсан болон захиалгат эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэх, судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд талуудын төлөөллийг оролцуулах, шаардлагатай дэмжлэг үзүүлэх,

-Талууд шинэ технологи, инновацын хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх,

-МОНЦАМЭ агентлагийн хүний нөөцийг чадавхижуулах, салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг дээшлүүлэх, давтан сургах сургалт, хэлэлцүүлгийг МУИС-ийн багш, эрдэмтдийн оролцоотой зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ авах, харилцан туршлага солилцох,

-МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагааны чиглэлтэй холбогдох чиглэлээр суралцаж буй МУИС-ийн оюутнуудыг үйлдвэрлэлийн дадлага хийлгэх замаар сургалт үйлдвэрлэлийг уялдуулах, тэтгэлэгт хамруулах,

 

-“Олон улсын орчуулагчдын баярын өдөр”-т зориулж МУИС-ийн оюутнуудын дунд “МУИС болон МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит” орчуулгын уралдаан хамтран зохион байгуулах,

-Талууд хамтарч гүйцэтгэсэн судалгаа шинжилгээний ажлын эмхэтгэл, ном, товхимлыг боловсруулах, хэвлүүлэх, нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах юм.


Энэ үеэр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар хэлэхдээ, “Санамж бичигт тусгасан ажлуудыг хэрэгжүүлэхэд МУИС-ийн ШУС-ийн захиргаа бүхий л талаар дэмжин ажиллах болно. Монголыг дэлхийд сурталчилж яваа МОНЦАМЭ агентлагтай хамтран ажиллаж, бодит олон ажлын ард хамтдаа гарах болно гэдэгтээ итгэлтэй байна” гэв.

Энэхүү санамж бичгийг гурван жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөх юм.


Холбоотой мэдээ