Дэлхийг солироос хамгаалах механизм - DART хөлөг үүргээ амжилттай биелүүлсэн нь

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2022-09-28 12:16:20

Манай гарагт учирч болзошгүй солирын аюулаас сэргийлэхийн тулд ойртон ирж буй сансрын биетүүдийн тойрог замын чиглэлийг өөрчлөх туршилт амжилттай боллоо.


Өчигдөр өглөө Улаанбаатарын цагаар 07:15 цагийн үед АНУ-ын НАСА сансар судлалын агентлагийн DART /Double Asteroid Redirection Test/ гэдэг нэртэй аппарат "Дидим-Диморф" хэмээх хос хоёр солирын жижиг солирыг нь мөргөснөөр чиглэлийг нь өөрчилж чаджээ. Энэ бол хүн төрөлхтөн тэнгэрийн биетийн чиглэлийг өөрчилж, гараг дэлхийгээ хамгаалах механизмыг бий болгох гэсэн анхны оролдлого юм. 


Дэлхийг аврахын тулд цөмийн цэнэгт хошуугаар солирыг дэлбэлж буй эрэлхэг зоригт сансрын нисгэгчдын тухай өгүүлдэг Холливүүдийн уран зөгнөлт киног бүгд санаж байгаа биз ээ. Гэхдээ атомын бөмбөгөөр солирыг дэлбэлснээр хэлтэрхийнүүд нь Дэлхий дээр унаж ноцтой уршиг тарьж мэдэх тул америкчууд арай өөр арга замыг сонгожээ. 325 сая долларын өртгөөр бүтээсэн ДАРТ хөлөг 21 мянган км/цагийн хурдтайгаар, өөртэй нь харьцуулшгүй хүнд жинтэй солирыг мөргөж, түүнийг тойрог замаас нь хазайлгахыг оролдлоо. Энэхүү Диморф гэдэг жижиг солир нь манай дэлхийгээс 11 сая км-ийн алсад эргэлдэж байгаа бөгөөд энэ бол Дэлхийгээс Сар хүртэлх зайнаас 25 дахин хол зай юм.



DART аппаратын /зонд/ байршил тодорхойлох систем нь мөргөлдөөн болохоос яг нэг цагийн өмнө жижиг солирыг том солироос нь ялгаж тодорхойлсон байна.


Солирт ойртох үедээ DART аппарат Дэлхий рүү нэг секундэнд нэг гэрэл зураг илгээсээр байв. Мөргөлдсөний дараа дамжуулалт тасрах боловч солир дээр хэр том тогоо үүссэн бэ гэдгийг эрдэмтэд ажигласаар байх болно. Учир нь, DART аппаратаас хэд хоногийн өмнө салсан Италийн LICIACube хиймэл дагуул 50 км-ийн зайнаас солирын зургийг авах юм. Мөргөлдөөний дүнд солирт үзүүлсэн нөлөөлөл ба түүний тойрог замын чиглэл хэрхэн өөрчлөгдсөн  талаарх нарийн судалгааг Европын сансрын агентлаг болох  “Хера”-гийн эрдэмтэд үргэлжлүүлэн хийх ёстой. Ташрамд дурдахад, Дидим-Диморф хоёр 2026 онд Дэлхийд дахин ойртож ирэх тэр үед "Хера" аппаратыг хос солирын зүг илгээхээр төлөвлөжээ.     


Эрдэмтдийн 2003 оноос хойш ажиглаж буй уг хос солир нь манай гарагт ямар ч аюул учруулахгүй гэдэг нэгэнт тодорхой  байгаа. Гэхдээ Дэлхийд аюул учруулах магадлалтай, хос солиртой төстэй сансрын биетүүд хэдэн арваараа байгаа учраас манай гарагийн хамгаалалтын механизмыг бий болгох шаардлагатай.

 

Хөндлөн огтлолоороо 780 м хэмжээтэй Дидим солир манай гараг дээр унасан тохиолдолд түймэр гарч, уур амьсгал өөрчлөгдсөнөөр аль нэг тивийн тал нь бүрмөсөн устаж алга болно. Дидимээс хамаагүй жижигхэн Диморф /160 м/ ч гэсэн дэлхий дээр унасан тохиолдолд мөн адил асар их хэмжээний хөнөөл учруулж, 400-600 мегатонн хүчтэй дэлбэрэлтийн улмаас 1 км өргөн, хэдэн зуун метрийн гүн том тогоо үүсэх ажээ. Харьцуулваас, 100 гаруй жилийн өмнө Сибирьт унасан Тунгусийн солирын дэлбэрэлтийн хүч 10-40 мегатонн байв.


Харин эрдэмтдийн 2003 оноос хойш ажиглаж буй уг хос солир нь манай гарагт ямар ч аюул учруулахгүй гэдэг нэгэнт байгаа. Гэхдээ Дэлхийд аюул учруулах магадлалтай, хос солиртой төстэй сансрын биетүүд хэдэн арваараа байгаа учраас манай гарагийн хамгаалалтын механизмыг бий болгохын тулд Дидим, Диморф хоёр туршилт хийсэн нь амжилттай боллоо.


Солир нь хурд ба хэмжээнээсээ шалтгаалан манай гарагийг устгаж болзошгүй бөгөөд устгахгүй юм аа гэхэд цунами, газар хөдлөлт үүсгэж, хүн амьдрахын аргагүй болгож хувиргана. Жишээ татахад, мезозойн эрин буюу Дунд төрмөлийн эрин үед одоогоос 66 сая жилийн өмнө дэлхий дээр солир унасны улмаас динозавр гэх мэт аварга амьтад устаж үгүй болсон билээ.

Онолоор бол, дэлхийгээс “харьцангуй ойр зайд” 25 сая гаруй тэнгэрийн эрхэс бий гэж үздэг. Тэдгээрээс 30 мянга гаруй нь Дэлхий дээрх соёл иргэншилд аюул учруулахуйц том хэмжээтэй солирууд ажээ. Ер нь бол, Дэлхий дээр өмнө нь унаж байсан солируудын диаметр 80 м-ээс хэтрэхгүй байв. Гэтэл дээр дурдсан 30 мянган солироос 10 мянга орчим нь 140 м-ээс илүү голчтой ажээ. Судлаачдын үзэж байгаагаар, Бену, Рюгү гэдэг хоёр аюултай солир 100 гаруй жилийн дараа манай гарагтай мөргөлдөж, сүйрэл учруулж мэдэхээр байгаа юм. Ялангуяа 2169-2199 оны хооронд дэлхийтэй мөргөлдөж магадгүй байгаа 492 м голчтой Бенну солироос хамгаалах аргыг боловсруулахаар эрдэмтэд ажиллаж байгаа билээ.  Ташрамд дурдахад, хамгийн томд тооцогдож буй Бернардинелли-Бернштейна гэдэг солир 119 км голчтой бөгөөд ийм том сансрын биет дэлхийтэй мөргөлдөх аваас динозавруудыг устаж үгүй болоход хүргэсэн дэлбэрэлтийн хүчнээс хэдэн мянга дахин илүү байх болно.


Ийм аюулаас сэргийлэхийн тулд 2016 оноос эхлэн НАСА агентлаг жил бүр сургуулилт маягийн арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн байна. Хэдэн жилийн өмнөөс Гараг дэлхийг хамгаалах бүх дэлхийн конференц гэдэг байгууллагын хүрээнд Европын Сансар судлалын агентлаг, ОХУ-ын Роскосмос зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа юм. Тухайлбал, Хятадын эрдэмтэд “Чанжэн -5” гэдэг 23 ширхэг хүнд пуужинг Бену солиртой мөргөлдүүлснээр түүний чиглэлийг өөрчлөх төлөвлөгөөг боловсруулж байгаа аж.  


Энэ удаад DART зондын тусламжтайгаар хийсэн туршилт амжилттай болсонтой холбогдуулан НАСА агентлагийн Гараг эрхэс судлалын хүрээлэнгийн захирал Лори Глэйз хэлэхдээ "Бид шинэ эринд шилжин орж байна,  хүн төрөлхтөн аюултай солируудаас өөрийгөө хамгаалах боломжтой гэдгийг харууллаа. Ийм боломж өмнө нь хэзээ ч байгаагүй" гэлээ.


Б.Адъяахүү  

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ