БАЯН-ӨЛГИЙ: "Үзэсгэлэнт Юньнань нутаг" гэрэл зургийн үзэсгэлэнг Өлгий хотод нээлээ

ФОТО МЭДЭЭ
bayanulgii@montsame.gov.mn
2022-09-26 15:55:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран "Монгол, Хятадын найрамдлын 7 хоног" үйл ажиллагааг энэ сарын 26-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.


Анх удаа зохион байгуулж буй тус үйл ажиллагаа нь хөрш хоёр орны ард түмний найрамдал, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөв, БНХАУ-ын хөгжил, дэвшлийг олон нийтэд танилцуулах, улмаар харилцан ойлголцол, итгэлцлийн түвшинг нэмэгдүүлэх зорилготой аж.  


"Монгол, Хятадын найрамдлын 7 хоног" үйл ажиллагааны хүрээнд "Үзэсгэлэнт Юньнань нутаг" гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Өлгий хотод нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд БНХАУ-ын Юньнань мужаас сонгож ирүүлсэн 60 ширхэг гэрэл зургийг дэлгэн үзүүлж байна.


"Монгол, Хятадын найрамдлын 7 хоногийн хүрээнд Улаанбаатар хот болон бусад аймагт олон үйл ажиллагааг зохион явуулж байна. Түүний нэг нь "Үзэсгэлэнт Юньнань нутаг" гэрэл зургийн үзэсгэлэн юм. Үзэсгэлэн МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хурлын зааланд өнөөдөр, маргааш хоёр өдөр олны хүртээл болно.


Юньнань муж нь байгалийн уран тогтоц, үзэсгэлэнт сайхан орчинтойгоос гадна үндэстний өвөрмөц зан заншил, үүх түүх, соёл, иргэншлийн ул мөр, уламжлалтай учраас Хятадын дотоодын болон Олон улсын аялал жуулчлалын томоохон төв юм. Тийм учраас Баян-Өлгий аймгийн ард иргэдийг энэхүү үзэсгэлэнг өргөнөөр ирж сонирхоорой гэж урьж байна" хэмээн Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн тус аймаг дахь төлөөлөгч Б.Бекболат хэлэв.