“Ширээт” дэд станцыг өргөтгөх асуудлыг яаралтай шийдвэрлэхийг салбарын сайдаас хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-09-20 13:25:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай УИХ-ыг гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ сарын 19-нд танилцлаа. 


Үйлдвэрийн EPC 02 багц ажил нь “Энгийн болон вакум нэрлэгийн байгууламжууд,  агуулах сав парк, ачих буулгах байгууламжууд”, харин EPC 03 багц ажил нь үйлдвэрийг цахилгаан, дулаан, уураар хангах, шингэн түлшит 35 МВт-ын ДЦС байх юм. Эдгээр ажлын ерөнхий гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулах 2 дахь шатны тендер дуусах шатандаа явж буйг мөн мэдээллээ.


Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын шатанд эрчим хүчний хангамжтай холбоотой тулгамдсан асуудлууд байгааг төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс салбарын сайдад танилцууллаа. Тухайлбал, Үйлдвэрийн цахилгаан станцыг төвийн эрчим хүчний системтэй холбох, газрын тос дамжуулах хоолой, түүний дагалдах байгууламжуудыг цахилгаан эрчим хүчээр хангахын тулд “Ширээт” дэд станцыг өргөтгөх асуудлыг яаралтай шийдвэрлэхийг салбарын сайдаас хүслээ. 


Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үйлдвэрийн бүтээн байгуулалтын үед шаардлагатай эрчим хүчээр тасалдалгүй, найдвартай хангах тал дээр бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэдгээ илэрхийлээд цаашид урт хугацаанд цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай ажлыг хэрэгжүүлэхэд төсөл хэрэгжүүлэгчидтэй хамтран ажиллах талаар Эрчим хүчний яамны холбогдох албаны хүмүүст үүрэг даалгавар өглөө. 


Засгийн газрын бүрэлдэхүүнд шинээр томилогдон ажлаа авснаас хойш анхны томилолтоо стратегийн онц чухал ач холбогдолтой Газрын тос боловсруулах үйлдвэрээс эхлүүлж буй Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн уг бүтээн байгуулалтын үе дэх эрчим хүчтэй холбогдсон бүх тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх болно гэдгээ мэдэгдсэнд төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс талархаж буйгаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ