ШХАБ ба Монгол: Ажиглагч улс хэвээр байх манай байр суурь

ТОЙМ
uranatuya@gmail.com
2022-09-14 12:30:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


2001 онд байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны /ШХАБ/ байгууллагад Монгол Улс анхны ажиглагч орон болж 2004 онд нэгдсэн байдаг. Өдийг хүртэл энэ байгууллагад хамгийн удаан ажиглагчаар яваа улс бол Монгол юм. Манай улсын дараа 2005 онд Иран, Пакистан, Энэтхэг, 2012 онд Афганистан тус тус элссэн.


ШХАБ нь байгуулагдсан эхний жилүүддээ нууцлаг, ойлгомжтой бус байсан ч өнөөдөр нэр нөлөө нь хэдийнээ тодрон нэмэгдэж чаджээ. Одоо ШХАБ-ын 8 бүрэн эрхт гишүүн орон дэлхийн хүн амын тал, дэлхийн ДНБ-ий дөрөвний нэг, Евразийн газар нутгийн 80 хувийг бүрдүүлж байна. 



Удаан хугацаанд ажиглагчаар явсан Монголыг жинхэнэ гишүүн орон болгох тухай асуудал 2014 оноос үе үе яригдах болсон. Гэвч ийнхүү ажиглагчаас жинхэнэ гишүүн болох нь амархан шийдэх зүйл биш, маш нухацтай хандах ёстой гэдгийг манай судлаачид хэлдэг.  Тэдний нэг хэсэг нь  ШХАБ-д элсэх асуудалд маш болгоомжтой хандах ёстой гэж байхад нөгөө хэсэг нь уг байгууллагад элсэн орох нь том боломж гэж зөвлөх нь бий. Энэ байгууллагын үр ашгийг урьдчилж тооцоолсон Хятад улс хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх болсон нь уг байгууллагын жинхэнэ гишүүн болох хангалттай шалтгаан ч гэдэг.

20 гаруй жилийн түүхээ бичээд байгаа тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд манай улс тогтмол оролцож ирсэн юм. Энэ жил уг хуралдаан нь Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо болох юм. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажиглагч улсын тэргүүний хувиар оролцож БНХАУ, ОХУ улсын төрийн тэргүүнүүдтэй гурван талын уулзалт хийх товтой. Уулзалтаар гурван улсын хувьд стратегийн ач холбогдолтой “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн хэрэгжилтийн талаар хэрхэн ярилцахыг ажиглагчид анхааралтай хүлээж байна.


Эдийн засгийн энэ коридор нь манай улсад чухам ямар үр ашиг авчрахыг маш сайн тооцох хэрэгтэй хэмээн болгоомжлох хэсэг мэдээж байдаг. Гэхдээ Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор”-ын гол чухал ажил бол хурдны авто зам, төмөр замын төв, зүүн болон баруун коридорын төслүүдийг урагшлуулах явдал. Үүгээр Зүүн Ази ба Төв Азийн зах зээлийг холбож ШХАБ-ын хүрээний хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх төлөвлөгөө байгаа юм. Ач холбогдолтой, үр дүн нь тодорхой ажил гэсэн үг. БНХАУ-ын дарга Ши Жиньпин нэгэнтээ “ШХАБ бол Хятад, Монгол, Оросын гурван талын хамтын ажиллагааны ашигтай талбар мөн” гэж онцолсон байдаг юм. Энэ нь эдийн засгийн коридор байгуулах гэж байгааг хэлсэн хэрэг ч гэж үздэг. Том хөрөнгө оруулагч тал үүн дээр их ач холбогдол өгч онцолж байгаад талархаж бас болох юм.


Аливаа улсын хилийн маргаангүй, тусгаар тогтносон бүрэн эрхт бие даасан байхын онцгой давууг зүйрлэх зүйлгүй.

Монгол Улс бол бүс нутагтаа хилийн ямар нэгэн маргаангүй, хил хязгаар нь хөршүүдээрээ хүлээн зөвшөөрөгдсөн. Цөмийн зэвсэггүй, НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван гүрэнд хүлээн зөвшөөрөгдсөн энх тайван байдалтай, зэвсэглэл гэх мэт аюулт нөхцлөөс хол хөндий улс орон. Хөрш улсуудтайгаа эв найрамдалтай зэрэгцэн оршдог, төвийг сахисан гадаад бодлого баримталдаг. Өөрөөр хэлбэл ШХАБ-ын анх байгуулагдаж байсан шалтгаант нөхцөл манайд үгүй. Тухайлбал, ШХАБ-ын гишүүн улсуудын голлох аюул занал болох терроризм, салан тусгаарлах болон хэт үзэл гэх мэт асуудалгүй тайван улс. Тийм ч учраас олон жилийн турш зөвхөн ажиглагч улсын байр сууринаас энэ байгууллагын үйл ажиллагаанд оролцож ирсэн байдаг. Сүүлийн үед харин энэ байгууллага гишүүн орнуудынхаа нийгмийн асуудалд ихээхэн анхаарч буйг мэдээлэх болсон.  



Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад манай улс элссэнээс арван жилийн дараа буюу 2014 онд Хятад, Оросын тэргүүнүүд жинхэнэ гишүүнээр элсэн орохыг дэмжихээ илэрхийлж байв. Харин тэр үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай улс ажиглагчийн статустай байх нь хангалттай гэж  байлаа. Тэгвэл мөн 2018 онд ШХАБ-ын эдийн засгийн үр нөлөө, ирээдүйг нь сайнаар төсөөлж, энэ байгууллагад Монгол Улс нэгдэх талаар тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдэж байсан удаатай. Сүүлд тэрбээр, Монгол Улс ШХАБ-ын төлөвшилтийг анхааралтай ажиглан, идэвхтэй ажиглагчийн байр сууринаас оролцож байхыг эрмэлзэх болсноо илэрхийлж байв.


Энэ байгууллагад элсэн орох нь зүйтэйг идэвхийлэн зөвлөх нь ч олон. Ер нь судлаачдын зүгээс, Монгол Улс ШХАБ-д заавал гишүүн болж элсэхгүйгээр, идэвхтэй ажиглагчаар оролцож байр сууриа илэрхийлэн, ШХАБ-ын олон уулзалт хурлуудад идэвхтэй оролцоод явахад ямар ч саад байхгүй гэдэг. Хэрэв ШХАБ-д элсэх бол энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэж хууль гаргуулж шийдэх шаардлагатай болно. Гэвч ойрын ирээдүйд тийм шаардлага байхгүй хэвээр байхыг ажиглагчид хэлж байна.

ШХАБ-ын гишүүн ямар ч улстай хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бололцоо бүрэн нээлттэй. Бүх салбарт хамтрахад гишүүн болон гишүүн бус гэсэн ялгаварлал байхгүй гэдэг. Ялангуяа ШХАБ-д оролцоо өндөр хоёр хөрш Орос, Хятадтай эдийн засгийн талаар улам нягт, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх нь чухал гэж үзэх нь ч байна.


Монгол Улс гадаад бодлогынхоо зарчмыг 1990 онд тунхаглаж, 1992 оны шинэ Үндсэн хуулиараа баталгаажуулсан байдаг. Хэдийгээр улс төрийн тогтворгүй байдал өдий хүртэлх хугацаанд байсаар ирсэн ч гадаад бодлого маш тогтвортой байж чадаж байсан. Хоёр хүчирхэг том хөрштэй манай улсын хувьд ийм тэнцвэртэй гадаад бодлого баримталж ирсэн нь гуравдагч хөршийн бодлогыг ч хэт хаалттай байлгахад хүргэсэнгүй. Улс орны бие даасан гадаад бодлогод  сөрөг үр дагавар үзүүлэх онцгой нөхцөл ч үүссэнгүй. Тийм учраас Орос, Хятад хоёртой хамтарч ажиллах, эдийн засгийн том төслүүдээ хамтран хэрэгжүүлэх амин чухал сонирхлоо биелүүлэхэд бидэнд асуудал огт байхгүй гэдэг билээ.


Монгол Улсын хувьд хэдийгээр ажиглагч орны хувиас ч гэлээ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад өндөр ач холбогдол өгсөөр ирснийг энд дахин дурдах хэрэгтэй. Мөн ямагт төвийг сахих байр суурин дээр байж, бүс нутагт өрнөж буй  улс төр, эдийн засгийн үйл явцуудад идэвх нэмэртэй, оролцоо өндөртэй байхыг эрмэлзсээр байгаа юм. Олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхол ч мөн бий. Тухайлбал эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, соёл, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, гэх мэт манайд дэмжлэг хэрэгтэй зүйл дээр ШХАБ-аас боломж хайж эрэлхийлэх шаардлага бас байна. Яваандаа дэлхийн эдийн засгийн төв нь ШХАБ болох магадлалтай гэх мэт таамаг, эс бол ухуулга  маягийн зүйл ч байдаг. Үнэхээр ч ШХАБ-ын үйл ажиллагааны цар хүрээ болоод үр нөлөөг улам бүр тэлэх бодлого идэвхжиж байгаа юм. Харин Монгол улс болгоомжтой боловч идэвхтэй ажиглагчийн байр сууринаас хандсан хэвээр байна.

 

Холбоотой мэдээ