БАЯН-ӨЛГИЙ: Алтай суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраав

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-09-13 20:16:49

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Алтай сумын 3 дугаар багийн нутаг болох Чихэртэй хэмээх газарт энэ сарын 3-ны өдөр хээрийн түймэр гарсан талаар өмнө нь мэдээлсэн.


Тухайн газар нь аймгийн төвөөс 142 км, сумын төвөөс 22 км зайд оршдог.


Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газраас 20 албан хаагч, 3 нэгж техник,  Алтай сумын мэргэжлийн ангийн 82 ажилтан, 6 техник хэрэгсэл, сайн дурын 35 иргэн, 16 мотоциклтой нийт 137 хүн, 25 техник хэрэгсэлтэйгээр хээрийн түймрийн голомтод хүч нэмэгдүүлэн 7 хоног ажиллав.


Энэ хүрээнд  6 км газраас тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр 21 удаа 1008 тн ус зөөвөрлөн түймрийг унтраахад ашигласан байна. Мэргэжлийн байгууллага, орон нутгийн иргэдийн хамтын хүчин зүтгэлийн үр дүнд хээрийн түймрийн тархалтыг зогсоож, энэ сарын 11-ний өдөр бүрэн унтраав.


Аймгийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр түймэрт 145 га газар шатсан байна.   

Холбоотой мэдээ