БАЯН-ӨЛГИЙ: Өлгий хотын хогийн цэг үерийн аманд байрлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-09-13 19:02:21

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотын төвлөрсөн хогийн цэгийг нэн даруй нүүлгэх шаардлагатай байгааг тус сумын 6, 9, 10 дугаар багийн иргэд хэлж байна.


Тус хогийн цэг нь нийтдээ 380 мянга м2 талбайг хамарч байгаа. Байршлын хувьд Өлгий сумын 9 дүгээр багийн айл өрхүүдээс 1,5 км зайтай гэж албаны хүмүүс хэлж байгаа ч жил бүр тэлсээр одоогоор 200 орчим метр тулж иржээ. Улмаар аймгийн төвийн 39,4 мянган хүн ам ба хүрээлэн буй орчинд аюул, эрсдэл учруулж байна. Иймээс нэгдсэн хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэхийг тэд шаардаж байна. Ард иргэдийн дээрх шаардлагатай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар ч санал нийлж байна.  


Тэд хогийн цэгийг нүүлгэх үндэслэлээ:

  • Одоогийн хогийн цэг нь суурьшлын бүсэд хэт ойртсон, салхины зонхилох чиг буюу баруун хойно байрласнаас нарийн тоосонцор, органик хог хаягдлын ялгарлын үнэр шууд хот руу орж ирж бохирдуулж байна.
  • Хогийн цэг нь үерийн аманд буюу үерийн ус урсах бүсэд байрлаж байгаа бөгөөд үер буусан тохиолдолд олон жил хуримтлагдсан хог хаягдал хот руу урсан орох, мөн Ховд голд цутгаж бохирдуулах эрсдэл их байна.
  • Хог хаягдлыг хөрсөнд шууд булж байгаа нь цас, борооны усаар дамжин хөрсөнд шингэж гүний ус, ундны усыг бохирдуулж байна.
  • Мөн малын гаралтай хаягдал маш их бохирдол үүсгэж, халдварт өвчин тархах нөхцөл үүссэн.
  • Малын бэлчээр, хөрсийг бохирдуулж байгаа хэмээн тайлбарлаж байна. 

Аймгийн удирдлагууд 2021 оны нэгдүгээр сард Өлгий сумын хог хаягдлын төвлөрсөн нэг цэгт ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан. Мөн хөрш зэргэлдээ Бугат сумын нутагт шинэ хогийн цэг байгуулахаа мэдэгдсэн. Гэвч уг санаачилга өнөөдрийг хүртэл бодит ажил хэрэг болоогүй байна.


2020 онд Орон нутгийн хөгжлийн сангаас 50 сая төгрөг хуваарилж, төвлөрсөн хогийн цэгийг хашаажуулсан. Мөн харуулын байр барьж, хяналтын камер суурилуулсан байна. Уг торон хашаа нь хог хаягдлыг нэг цэгт буулгах боломж олгож байгаа ч хог хаягдал салхины нөлөөгөөр ил хашааг давж хийсэн уулын энгэрийг бүхэлдээ бохирдуулж байна.



Иймд хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх, шинэ байршлыг сонгохдоо Ховд гол болон  суурьшлын бүсээс 15 км зайтай байх нь чухал болохыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. 















Холбоотой мэдээ